“Delta Air Lines” том доголдол гарч, олон зуун нислэг цуцлагдлаа

48 цагийн дотор 400 гаруй нислэг цуцлагджээ

АНУ-ын томоохон агаарын тээврийн компаниудын нэг болох “Delta Air Lines”-ын үйл ажиллагаанд ноцтой саатал үүсэж, олон зуун нислэг цуцлагдан, мянга гаруй нислэг хойшлогдсон байна. Энэ нь тус улсын нисэхийн салбарын эмзэг, сул талуудыг дахин ил гаргаж, олон нийтийн шүүмжлэл дагуулаад байна.

“Delta Air Lines” компанийн дотоод үйл ажиллагаанд гарсан доголдлын улмаас тавдугаар сарын 2-3-ны өдрүүдэд 400 гаруй нислэг цуцлагдаж, 1000 гаруй нислэгийн цаг өөрчлөгдөн хойшилжээ.

Тухайн өдрүүдэд ихэнх нисэх буудлын орчимд цаг агаарын нөхцөл байдал харьцангуй тогтвортой байсан ч саатлын голомт нь компанийн гол зангилаа нисэх буудлуудад төвлөрсөн байна. Ялангуяа Атланта хотын Хартсфилд-Жексон олон улсын нисэх буудал болон Лос-Анжелесын олон улсын нисэх буудалд хамгийн их саатал гарчээ.

Spirit Airlines үйл ажиллагаагаа зогсоосонтой давхцав

“FlightAware” цахим хуудасны мэдээлснээр, “Delta Air Lines” баасан гарагт нийт нислэгийнхээ дөрвөн хувийг, бямба гарагт долоон хувийг цуцалсан байна. Ингэснээр 48 цагийн хугацаанд ойролцоогоор 376 нислэг цуцлагдсан гэж мэдээлэгджээ.

Энэ саатал АНУ-ын агаарын тээврийн өөр нэг компани болох “Spirit Airlines” тавдугаар сарын 2-нд үйл ажиллагаагаа бүрэн зогсоосон үетэй давхацсан байна. Тус компани Засгийн газраас санхүүгийн дэмжлэг авч чадаагүйн улмаас нислэгүүдээ зогсоосон гэж мэдээлжээ.

Ийнхүү богино хугацаанд хоёр томоохон асуудал зэрэг үүссэн нь АНУ-ын нисэхийн салбарын тогтвортой байдал, компаниудын дотоод зохион байгуулалт, санхүүгийн чадавхтай холбоотой эрсдэлүүдийг дахин анхаарлын төвд авчирлаа.

Сүүлийн мэдээ
Холбоотой мэдээ

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу