Төв Африкт тархаад буй Эбола вирусийн эсрэг боломжит вакцин ойрын 6-9 сараас нааш бэлэн болохгүй гэж ДЭМБ мэдэгдлээ. Вакцин гарах хугацаа тодорхойгүй хэвээр байгаа энэ үед сэжигтэй тохиолдлын тоо 600-д хүрч, Конго болон Уганда улсад нас баралт 139 болсон байна.
Албаныхны үзэж буйгаар Эболагийн одоогийн дэгдэлт хоёр сарын өмнөөс эхэлсэн байх магадлалтай. Мөн тавдугаар сарын эхээр болсон томоохон арга хэмжээ халдварын тархалтыг эрчимжүүлсэн байж болзошгүй гэж үзэж байна. Тухайн арга хэмжээ нь оршуулга байсан байх магадлалтай аж.
Конго улсын Итури мужид сүүлийн саруудад зэвсэгт мөргөлдөөн өрнөж, үүнээс болж 100 мянга гаруй хүн дүрвэжээ. Ийм нөхцөлд сэжигтэй тохиолдлыг илрүүлэх, хавьтлыг тогтоох ажил улам хүндрээд байна.
Эрүүл мэндийн ажилтнууд ч өөрсдөө дүрвэж байгаа тул халдварын тархалтыг хянах, өвчтөнүүдэд тусламж үзүүлэх боломж хязгаарлагдаж байна. Бүс нутагт түгээмэл тохиолддог хумхаа, хижиг зэрэг өвчин Эболатай төстэй эхний шинж тэмдэг илэрдэг тул оношлох явцад цаг алдах эрсдэл мөн бий болжээ.
АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Марко Рубио Эболагийн дэгдэлтийг орой зарласан гэж ДЭМБ-ыг шүүмжилсэн. Үүнд ДЭМБ-ын тэргүүн Тедрос Адханом Гебрейесус хариу өгөхдөө:
“Магадгүй тэр Олон улсын эрүүл мэндийн дүрмийг мэдэхгүй, ДЭМБ болон бусад байгууллага хэрхэн ажилладагийг ойлгоогүй байх. Бид аль нэг улсын хийх ажлыг өмнөөс нь хийдэггүй, зөвхөн дэмжиж тусалдаг”
хэмээн мэдэгджээ.
Одоогоор вакцин гарах хүртэл халдварын тандалт, хавьтлын хяналт, өвчтөн тусгаарлалт, орон нутгийн эрүүл мэндийн байгууллагын чадавхыг нэмэгдүүлэх нь дэгдэлтийг хязгаарлах гол арга хэмжээ хэвээр байна.