Дональд Трамп Ши Жиньпинийг нисэх буудал дээр биечлэн угтав: Ер бусын хүндэтгэл үзүүлжээ

БНХАУ-ын дарга Ши Жиньпиний АНУ-д хийх гурван өдрийн төрийн айлчлал эхэлж, түүнийг Вашингтоны ойролцоох Joint Base Andrews цэргийн нисэх буудалд АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп болон тэргүүн хатагтай Меланиа Трамп нар биечлэн угтан авчээ.

Гадаадын төрийн тэргүүнийг АНУ-ын ерөнхийлөгч нисэх буудал дээр өөрийн биеэр угтах нь ховор тохиолдол гэж эх сурвалж онцолсон байна. Дональд Трамп гадаадын удирдагчдыг ихэвчлэн Цагаан ордонд хүлээн авдаг уламжлалтай бөгөөд эх сурвалжийн мэдээлснээр хамгийн сүүлд 1962 онд АНУ-ын ерөнхийлөгч гадаадын хүндэт зочноо нисэх буудал дээр угтаж байжээ.

Айлчлалд өндөр түвшний ёслолын хүндэтгэл үзүүлэв

Ши Жиньпин болон түүний гэргий Пэн Лиюань нарыг угтах үеэр 30 метр урт улаан хивс дэвсэж, 21 хүний бүрэлдэхүүнтэй хүндэт харуул жагссан байна.

Мөн АНУ болон Хятадын төрийн далбааг барьсан тус бүр гурван хүний бүрэлдэхүүнтэй хоёр бүлэг жагсаж, АНУ-ын зэвсэгт хүчний төрөл тус бүрийг төлөөлсөн цэргийн бүрэлдэхүүн ёслолд оролцжээ.

Үүнээс гадна 21 удаагийн их бууны ёслолын буудлага хийж, B-1 Lancer цэргийн нисэх онгоц хоёр удаа нислэгийн үзүүлбэр үзүүлсэн байна. Хоёр америк хүүхэд цэцэг барин зочдод хүндэтгэл үзүүлжээ.

Өнгөрсөн тавдугаар сард Дональд Трамп Бээжинд айлчлах үед ижил түвшний угталт зохион байгуулагдаагүй гэж эх сурвалж дурдсан бөгөөд энэ удаагийн ёслолын цар хүрээг Ши Жиньпиний айлчлалд Вашингтон өндөр ач холбогдол өгч байгаагийн илрэл гэж тайлбарлажээ.

Худалдааны дайны “гал зогсоох” тохиролцоог сунгав

Ши Жиньпиний айлчлалын өмнө АНУ-ын Сангийн сайд Скотт Бессент болон Хятадын Төрийн зөвлөлийн ерөнхий сайдын орлогч Хэ Лифэн нарын тэргүүлсэн төлөөлөгчид хэд хэдэн удаагийн хэлэлцээ хийсэн байна.

Үүний үр дүнд арваннэгдүгээр сарын 10-нд дуусах байсан хоёр улсын худалдааны маргааныг намжаах түр тохиролцоог дахин хоёр сараар сунгахаар болсон гэж мэдээлжээ.

Скотт Бессент айлчлалын өмнөх өдөр Fox News-д:

“Бид өнөөдөр арваннэгдүгээр сарын 10-ны өдөр дуусгавар болох ёстой хоёр улсын хоорондын эдийн засгийн зөөлрөл буюу Пусаны гэрээг сунгахаар тохиролцлоо”

гэж ярьжээ.

Энэхүү тохиролцоо өмнөх онд хэрэгжиж эхэлсэн бөгөөд наймдугаар сард Өмнөд Солонгосын Пусан хотод болсон хоёр талын уулзалтаар өмнө нь мөн сунгагдаж байсан байна.

Хиймэл оюун ухаан хэлэлцээний гол сэдвийн нэг болно

Энэ удаагийн төрийн айлчлалын үеэр худалдаа, эдийн засгийн асуудлаас гадна хиймэл оюун ухааны технологийн зохицуулалт гол сэдвүүдийн нэг болох төлөвтэй гэж мэдээлжээ.

Хоёр тал AI технологийн хурдацтай хөгжлийг зохицуулах, эрсдэлийг хяналтаас гаргахгүй байх чиглэлд хамтарсан механизм бий болгох талаар хэлэлцэж магадгүй байна.

Ши Жиньпиний АНУ-д хийж буй энэ удаагийн айлчлал нь хоёр улсын худалдаа, технологи болон стратегийн харилцааны хувьд анхаарал татсан үеэр болж байгаа бөгөөд нисэх буудал дахь өндөр түвшний угталт нь айлчлалын эхний өдрөөсөө олон улсын анхаарлыг татжээ.

Сүүлийн мэдээ
Холбоотой мэдээ

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу