Дорнод, Сүхбаатарын гурван суманд хорио цээр тогтоолоо: шүлхийн “SAT-1” дахин илэрчээ

Малын гоц халдварт шүлхий гурван суманд бүртгэгдэв

Дорнод аймгийн Дашбалбар, Чулуунхороот болон Сүхбаатар аймгийн Сүхбаатар суманд малын гоц халдварт шүлхий өвчний “SAT-1” хэвшил дахин илэрчээ.

Мал эмнэлгийн ерөнхий газрын лабораторийн шинжилгээгээр өвчний тохиолдол батлагдсан тул наймдугаар сарын 26-наас эхлэн дээрх сумдад хорио цээрийн дэглэм тогтоосон байна.

Зээрийн сүргээс халдвар илэрсэн нь эрсдэл нэмэгдүүлж байна

Хорио цээр тогтоосон сумд нь хил орчмын бүс нутагт байрлахаас гадна зээрийн сүрэг ихтэйгээрээ онцлог. Дорнод аймгийн “Номинт” багийн нутагт байгаа 15 мянга гаруй зээрийн сүргээс дээж авч шинжлэхэд цөөнгүй нь шүлхийн халдвартай болох нь тогтоогджээ.

Одоогоор Улз голд хашигдаад буй эдгээр зээр өвөл мөс хөлдсөний дараа нүүдэллэх төлөвтэй. Ингэснээр Хэнтий, Сүхбаатар аймгийн нутгаар шүлхий өвчин тархах эрсдэл өндөр гэж үзэж байна.

Голомтын бүсэд 74 хүн ажиллаж байна

Мал эмнэлгийн ерөнхий газар шүлхийн голомтот бүсэд 74 хүний бүрэлдэхүүнтэй ажиллаж байгаа аж. Тус газар нөөцөд байсан 5 мянган тун вакциныг мэдрэг малд хийж эхэлсэн байна.

Мөн нэмэлтээр 190 мянган тун вакциныг тухайн бүс рүү хүргүүлжээ.

6 сая тун вакцин яаралтай худалдан авна

Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар цаашид үйлдвэрлэгчтэй гэрээ байгуулж, “SAT-1”, O, A дэд хэвшлийн нийт 6 сая тун вакциныг нэн яаралтай худалдан авах шийдвэр гаргасан байна.

Энэ нь өвчний тархалтыг хязгаарлах, мэдрэг мал сүргийг дархлаажуулах, хил орчмын бүсийн эрсдэлийг бууруулахад чиглэж байна.

Хилийн бүсэд хяналтыг чангатгана

Голомт илэрсэн бүсүүд хил орчимд байрлаж байгаа тул хүн, тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд тавих хяналтыг чангатгах үүрэг холбогдох албаныханд өгчээ.

Мөн отог нүүдлийн зорилгоор малчдыг хилийн хамгаалалтын бүс рүү нэвтрүүлэхгүй байх, хил орчмын бүсэд зэрлэг амьтдын тандалт судалгааг эрчимжүүлэхийг үүрэг болгосон байна.

Аймгийн удирдлагуудад шуурхай арга хэмжээ авахыг даалгав

Дорнод, Сүхбаатар аймгийн Засаг дарга нарт хүн хүч, техник хэрэгсэл, халдвар хамгааллын хувцас хэрэгслийн санхүүжилтийг яаралтай шийдвэрлэх үүрэг өгчээ.

Мөн улс, орон нутгийн чанартай авто замуудад хяналтын пост ажиллуулах, малчдад мэргэжлийн байгууллагын заавар, зөвлөмжийг шуурхай хүргүүлэх ажлыг хэрэгжүүлэхийг даалгасан байна.

“SAT-1” хэвшил өмнө нь Монголд бүртгэгдэж байгаагүй

Малын гоц халдварт шүлхий өвчний “SAT-1” хэвшил өмнө нь Монгол Улсад бүртгэгдэж байгаагүй. Харин энэ оны тавдугаар сард Баян-Өлгий, Ховд аймагт анх илэрч, тухайн үед хорио цээрийн дэглэм тогтоож байсан юм.

Урьдчилан сэргийлэх болон яаралтай дархлаажуулалтыг хоёр үе шаттай хэрэгжүүлж, “SAT-1” хэвшлийн 1 сая 650 мянган тун вакцинаар мал сүргийг дархлаажуулсны дараа долдугаар сарын 8-наас хойш шинэ тохиолдол бүртгэгдээгүй байжээ.

Шинэ голомт тархалтын эрсдэлийг дахин нэмэгдүүллээ

Дорнод, Сүхбаатар аймгийн гурван суманд “SAT-1” хэвшил дахин бүртгэгдсэн нь малын өвчний тархалтаас сэргийлэх арга хэмжээг шинэ шатанд хүргэх шаардлагатайг харуулж байна.

Зээрийн сүрэг, хил орчмын хөдөлгөөн, отог нүүдэл болон малын шилжилт хөдөлгөөн зэрэг хүчин зүйлээс шалтгаалан халдвар цааш тархах эрсдэл өндөр хэвээр байгаа тул хорио цээр, вакцинжуулалт, тандалт судалгааг яаралтай эрчимжүүлж байна.

Сүүлийн мэдээ
Холбоотой мэдээ

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу