Сүүлийн өдрүүдэд тураах зориулалттай бүтээгдэхүүний гарал үүсэл, бүртгэл, зөвшөөрөл, чанар аюулгүй байдал болон цахим сурталчилгаатай холбоотой гомдол олон нийтээс ирэх боллоо. Үүнтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Э.Батшугар холбогдох байгууллагуудад чиг үүргийнхээ хүрээнд шалгалт хийж, хууль бус сурталчилгаа, худалдааг таслан зогсоох чиглэл өглөө.
Тэрээр Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар болон Нийслэлийн Эрүүл мэндийн газарт тухайн бүтээгдэхүүнүүд хууль, журамд нийцэж буй эсэхийг тогтоон, шаардлагатай арга хэмжээг шуурхай авахыг даалгасан байна.
Хэрэгжүүлэх гол арга хэмжээнүүд:
- Хууль бус борлуулалтыг таслан зогсоох: Бүртгэлгүй эм, эрүүл мэндийн нэмэлт бүтээгдэхүүн, витамин болон жин бууруулах, биеийн галбир өөрчлөх үйлчилгээтэй хүнсний нэмэлт бүтээгдэхүүнийг цахим орчинд сурталчлах, худалдах, хэрэглэхийг уриалах явдлыг хязгаарлана.
- Байгууллагуудын хамтын ажиллагаа: Харилцаа холбооны зохицуулах хороотой хамтран цахим орчин дахь дээрх төрлийн сурталчилгаануудад тусгайлан хяналт тавьж, зөрчилтэй мэдээлэл, хуудсуудыг таслан зогсоох арга хэмжээ авч ажиллахаар боллоо.