Автобусаар зорчиж явах үед зорчигчийн бие тавгүйрхвэл нэн даруй жолоочид мэдэгдэхийг зөвлөлөө.
Энэ талаар Нийтийн тээврийн бодлогын газрын шуурхай зохицуулалт хариуцсан мэргэжилтэн Э.Булган-Эрдэнэ “Автобусаар зорчиж байх үед өөрийн болон хамт зорчиж яваа хүний бие муудвал нэн түрүүнд жолоочид хэлэх хэрэгтэй. Нийтийн тээврийн автобусны жолооч эрүүл мэндийн анхан шатны тусламж үзүүлэх сургалтад хамрагдсан байдаг.
Тухайлбал өнгөрсөн долоо хоногт М4 чиглэлийн автобусан дотор бие нь муудаж, ухаан алдсан хүнд жолооч анхан шатны тусламж үзүүлж, амь насыг аварсан байна” гэв.
Өмнө нь энэ оны дөрөвдүгээр сард нийтийн тээврийн автобусаар үйлчлүүлж байсан иргэн ухаан алдаж унасан тохиолдол мөн бүртгэгдэж байжээ.
Статистик мэдээллээр өнгөрсөн долоо хоногт нийтийн тээврийн 1,172 автобусаар гурван сая гаруй зорчигч, сургуулийн 76 автобусаар 34 мянга гаруй хүүхдийг тээвэрлэсэн байна.