Э.Цэндбаатар WBC холбооны аваргын бүс горилогчдын нэг боллоо

WBC шинэ чансаагаа танилцуулжээ

Мэргэжлийн боксын дөрвөн том холбооны нэг болох World Boxing Council буюу WBC тавдугаар сарын шинэ чансаагаа танилцууллаа.

Шинэчилсэн жагсаалтаар Монгол Улсын Гавьяат тамирчин Э.Цэндбаатар super featherweight буюу 58.967 кг жингийн ангилалд 15 дугаарт эрэмбэлэгдсэн байна. Ингэснээр тэрээр албан ёсоор WBC холбооны аваргын бүсийн горилогчдын нэг болж байна.

Саяхан Э.Цэндбаатар тус холбооны АНУ-ын мөнгөн бүсийн эзэн болсон. Тэрээр уг бүсээ хамгаалах дараагийн тулаанаа 120 хоногийн дотор хийх даалгавартай гэдгээ өөрийн цахим хуудсаараа мэдэгдээд байсан юм.

Түүний жинд О’Шакуи Фостер аваргын бүс эзэмшиж байна

Одоогоор Э.Цэндбаатарын жинд WBC холбооны аваргын бүсийг АНУ-ын боксчин О’Шакуи Фостер эзэмшиж байна. Харин чансааны нэгдүгээр байрт Италийн Майкл Магнеси бичигджээ.

Түүний араас АНУ-ын Рэймонд Форд, Их Британийн Райан Гарнер, WBC-ийн мөнгөн бүсийн эзэн Францын Халил Эль Хадри, Марокко гаралтай Испанийн боксчин Моусса Голам нар эхний тавд багтсан байна.

Чансааны топ 10-т монгол үзэгчдийн сайн мэдэх Гари Рассел мөн багтжээ. Түүнээс гадна Мексикийн Эдуардо Нунес, Тажикстаны Мухаммадхужа Якубов, Японы Ямато Хата, Бразилын Робсон Консейсао нар жагссан байна.

Гари Рассел өмнө нь дэлхийн аваргын бүс эзэмшиж байсан бөгөөд аваргын цолоо алдсанаас хойш хэсэг хугацаанд завсарласны дараа өнгөрсөн оны долоодугаар сард Хуго Кастанада-г ялсан юм. Тэрээр Монгол Улсын Гавьяат тамирчин Н.Төгсцогт-ыг ялж байсан гэдгээрээ монголын боксын фенүүдэд танил билээ.

“Clean Boxing Program”-д бүртгүүлэх шаардлагатай

WBC холбооны дүрмийн дагуу бүс эзэмшигчид болон чансааны эхний 15-д багтсан тамирчид “Clean Boxing Program”-д заавал бүртгүүлэх шаардлагатай байдаг.

Ийнхүү Э.Цэндбаатар дэлхийн аваргын бүсийн төлөө өрсөлдөх албан ёсны боломжтой тамирчдын эгнээнд багтаж, мэргэжлийн боксын карьертаа чухал алхам хийлээ.

Сүүлийн мэдээ
Холбоотой мэдээ

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу