Энэ сард ихэнх нутгаар олон жилийн дунджаас хүйтэн байх төлөвтэй байна

Ус, цаг уур, орчны судалгаа мэдээллийн хүрээлэнгээс гаргасан төлөвөөр энэ сард агаарын дундаж температур ихэнх нутгаар олон жилийн дунджаас (ОЖД) хүйтэн, хур тунадас нутгийн өмнөд хэсгээр дунджаас ахиу орохоор байна. Сарын эхэн болон хоёрдугаар арав хоногт харьцангуй дулаан өдрүүд үргэлжлэх хэдий ч нэгдүгээр арав хоногийн дунд болон сүүл, гуравдугаар арав хоногийн дунд үеүдэд агаарын температур огцом буурч, эрс цочир хүйтрэхийг цаг уурын байгууллагаас анхаарууллаа.

Баруун болон төвийн аймгуудын төлөв

  • Баруун аймгууд: Агаарын дундаж температур Баян-Өлгий, Ховдын ихэнх, Говь-Алтай болон Баянхонгорын өмнөд хэсгээр ОЖД-ийн орчим, бусад нутгаар дунджаас хүйтэн байна. Хур тунадасны тухайд Говь-Алтай, Баянхонгорын өмнөд нутгаар ахиу орох төлөвтэй. Нэгдүгээр арав хоногийн эхэн болон дунд үеэр ихэнх нутгаар цас орж, салхи ширүүсэн цасан болон шороон шуурга шуурах төлөвтэй байна.
  • Төвийн аймгууд: Нийт нутгаар агаарын дундаж температур олон жилийн дунджаас хүйтэн, хур тунадас дунджийн орчим байх төлөв гарчээ. Нэгдүгээр арав хоногийн ихэнх хугацаанд болон хоёр, гуравдугаар арав хоногийн дунд үеэр цас орж, салхи ширүүсэн цасан шуурга шуурах төлөвтэй байна.

Зүүн болон говийн аймгуудын төлөв

  • Зүүн аймгууд: Хэнтийн нутаг, Дорнодын хойд хэсгээр олон жилийн дунджаас хүйтэн, бусад нутгаар дунджийн орчим байх аж. Хур тунадас Сүхбаатар аймгийн өмнөд хэсгээр ахиу, бусад нутгаар дунджийн орчим орно. Нэгдүгээр арав хоногийн эхэн ба сүүл, хоёрдугаар арав хоногийн дунд, гуравдугаар арав хоногийн эхэн үед ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурна.
  • Говийн аймгууд: Агаарын дундаж температур Өмнөговийн ихэнх нутгаар дунджаас дулаан, бусад нутгаар дунджийн орчим байх бол хур тунадас тус аймгийн баруун хэсгээр бага, бусад нутгаар дунджийн орчим байна. Нэг, хоёр, гуравдугаар арав хоногийн дунд үеүдэд ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурч болзошгүй байна.

Сүүлийн мэдээ
Холбоотой мэдээ

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу