Меланиа Трамп өөрийгөө Эпштейнтэй холбоогүй гэж мэдэгдсэн ч хохирогчид бүх материалыг бүрэн ил болгохыг шаардав
АНУ-ын тэргүүн хатагтай Меланиа Трамп Цагаан ордноос хийсэн телевизийн мэдэгдлийн үеэр өөрийгөө Жеффри Эпштейнтэй ямар ч холбоогүй хэмээн мэдэгдсэн байна.
Тэр мөн Конгресст хандан Эпштейний хэрэгт холбогдох хохирогч эмэгтэйчүүдийг урьж, олон нийтийн сонсгол зохион байгуулахыг уриалжээ.
Гэвч үүний дараа Эпштейний 10 гаруй хохирогч хамтарсан захидал гаргаж, Меланиа Трампыг “ачааллыг хохирогчид руу шилжүүлж байна” хэмээн буруутгасан байна. Тэдний хэлснээр өөрсдийн туулсан зүйлээ аль хэдийн олон нийтэд ярьсан бөгөөд одоо гол шаардлага нь Эпштейний хэрэгтэй холбоотой бүх файлыг бүрэн ил болгох явдал аж.
Меланиа Трамп өөрийгөө Эпштейний ойрын хүрээнд байгаагүй гэж тайлбарлаж, өөрийнх нь тухай нийтлэлүүдэд уучлалт шаардав
Меланиа Трамп энэ мэдэгдлийн үеэр, “Би Эпштейнтэй хэзээ ч найз байгаагүй. Түүний үйлдсэн хүчирхийллийн талаар надад ямар ч мэдээлэл байгаагүй” гэж хэлжээ.
Тэр мөн өөрийнх нь талаар “үндэслэлгүй худал мэдээлэл” тараасан гэж үзэж, The Daily Beast болон Harper Collins UK-ийг нийтэлсэн агуулгадаа уучлалт гуйхыг шаардсан байна.
Меланиягийн тайлбарласнаар, тэр 2000 онд зөвхөн “нийгмийн хүрээ давхцсаны” улмаас Эпштейнтэй танилцсан аж. Харин Эпштейний хамтран зүтгэгч, түүний найз бүсгүй байсан Жислейн Максвеллтэй “энгийн түвшний харилцаатай” байсан гэж тодотгожээ.
Хохирогчдын тэвчээр барагдаж, Конгрессын сонсгол бус бүрэн нээлттэй баримт шаардаж байна
Меланиа Трамп мөн Эпштейний хохирогч эмэгтэйчүүдийн оролцоотой олон нийтийн сонсголыг Конгресс зохион байгуулах ёстой гэж үзэж байгаагаа илэрхийлсэн байна. Энэ санаачилгыг АНУ-ын Төлөөлөгчдийн танхимын Хяналтын хорооны Бүгд Найрамдах болон Ардчилсан намын зарим гишүүд ч дэмжжээ.
Гэсэн ч хохирогчдын байр суурь өөр байна. Тэдний хувьд асуудлыг дахин өөрсдөөр нь яриулах бус, харин нууцлагдсан бүх баримт, материалыг ил гаргах нь илүү чухал гэж үзэж байгаа аж.
Түүнчлэн Меланиа Трампын энэ мэдэгдэл олон нийтийн анхаарал Эпштейний хэргээс бага зэрэг холдсон үед, ялангуяа Ираны дайны асуудал давамгайлж байсан мөчид гэнэт гарсан нь олон хүнийг гайхшруулсан байна.