Эрчим хүчний салбарын ажил хаялтыг 48 цагаар хойшлуулав

Цалингаа 30 хувиар нэмэгдүүлэх шаардлага тавьсан эрчим хүчний салбарын ажилтнууд өнөө өглөөний 08:00 цагаас орон даяар ажил хаялт эхлүүлэхээр мэдэгдээд байсан. Гэвч талуудын дахин уулзалтын дараа ажил хаялтыг 48 цагаар хойшлуулах шийдвэр гаргасныг Үйлдвэрчний эвлэлээс мэдээллээ.

Монголын эрчим хүч, геологи, уул уурхайн үйлдвэрчний эвлэлийн холбоо, Эрчим хүчний яам болон ажил олгогчийн төлөөлөл дахин хэлэлцээ хийсэн байна. Энэ үеэр эрчим хүчний салбарынхны цалинг 2026, 2027 онд үе шаттайгаар 30 хувиар нэмэгдүүлэх санал ирүүлсэн тул тодорхой шийдэлд хүрэх боломж бүрдсэн гэж үзжээ.

Иймээс ажил хаялтыг түр хугацаанд зогсоож, хэлэлцээг үргэлжлүүлэхээр болсон байна. Харин 48 цагийн дотор талууд эцсийн тохиролцоонд хүрч чадахгүй бол ажил хаялтыг долдугаар сарын 2-ны 08.00 цагт эхлүүлнэ гэж Үйлдвэрчний эвлэл мэдэгдэв.

Одоогоор маргааны гол асуудал дараах байдлаар үргэлжилж байна.

  • Эрчим хүчний салбарын ажилтнууд цалингаа 30 хувиар нэмэгдүүлэхийг шаардаж байна.
  • Эрчим хүчний яам өмнө нь цалингийн санг 10 хувиар нэмэх боломжтой гэж мэдэгдсэн.
  • Ажил олгогчийн талаас 2026, 2027 онд үе шаттайгаар 30 хувиар нэмэх санал гаргасан.
  • Хэлэлцээ үр дүнд хүрэхгүй бол ажил хаялт долдугаар сарын 2-ны 08.00 цагт эхэлнэ.

Ажил хаялт зарлах мэдэгдлийн дараа эрчим хүчний салбарын цалин, санхүүгийн боломж, салбарын бүтэцтэй холбоотойгоор талууд байр сууриа илэрхийлсэн. Эрчим хүчний сайд Б.Найдалаа цалин нэмэх асуудлыг салбарын сайд дангаар шийдвэрлэдэггүй бөгөөд төрийн өмчит болон хувийн хэвшлийн компаниудын удирдлагын түвшинд хамаарах асуудал гэдгийг онцолсон юм.

Эрчим хүчний сайд Б.Найдалаа: Эрчим хүчний салбарт Үйлдвэрчний эвлэлийн хоёр холбоо байдаг. Тус хоёр холбоо цалинг 30 ба түүнээс дээш хувиар нэмэгдүүлэхийг шаардаж байгаа. Энэ бол өмнө нь эрчим хүчний салбарт гарч байгаагүй зүйл. Хоёр зүйлийг хэлмээр байна. Нэгд, манай салбар төрийн алба биш. Төрийн өмчит 27 компани, мөн хувийн хэвшлийн байгууллагууд үйл ажиллагаа явуулдаг. Эдгээр байгууллагын цалинг салбарын сайд тогтоодоггүй, төрийн албан хаагч ч шийдвэрлэдэггүй. Өөрөөр хэлбэл, хариуцлага нь сайдын бус, тухайн байгууллагын захирлын гарт байдаг. Цалингийн хувьд бид дур мэдэн тогтоодоггүй. Гэхдээ байгаа боломжоо ашиглан энэ удаад цалингийн санг 10 хувиар нэмэгдүүлэх асуудлыг хэлэлцсэн. Гэхдээ нийт ажилтанд жигд нэмэхгүй. Харьцангуй өндөр цалинтай захирал, захиргааны болон арын албаны ажилтнуудын цалинг нэмэхгүй, энэ удаад тэвчинэ. Харин галын шугамд ажиллаж байгаа ажилтнуудын цалинг нэмэгдүүлнэ.

Тэрбээр эрчим хүчний салбарын дундаж цалин улсын дундажтай харьцуулахад доогуур биш гэж тайлбарласан байна. Мөн ажил хаялт хийх бус, салбарын үйл ажиллагааг хэвийн үргэлжлүүлэх шаардлагатай гэсэн байр суурь илэрхийлжээ.

Эрчим хүчний салбарын дундаж цалин 3 сая 747 мянган төгрөг байна. Харин улсын дундаж цалин 2 сая 989 мянган төгрөг. Дундаж цалингийн хэмжээгээр эрчим хүчний салбар тийм ч муу биш, уул уурхайн салбарын дараа ордог. Тиймээс эрчим хүчний салбарын цалин ажил хаялт хийх хэмжээнд хүрсэн гэж үзэхгүй байна. Би нэмж болдог бол цалинг 30, 50, бүр 100 хувиар ч нэммээр байна. Гэхдээ байхгүй мөнгийг сайд байгаад ч, бурхан байгаад ч гаргаж ирж чадахгүй. Ид шидээр цалин нэмдэг зүйл гэж байхгүй. Ажил хаях биш, ажиллаж байж эрчим хүчний салбараа аваръя гэж уриалж байна. Эрчим хүчний салбарын ажилчдын цалинг 30 хувиар нэмэх боломжгүй.

Харин МҮЭХ-ны ерөнхийлөгч А.Тамир ажил хаялт бол хамгийн сүүлд хэрэглэх арга гэдгийг мэдэгдсэн. Тэрбээр цалинг 10 хувиар нэмэх санал нь инфляц, худалдан авах чадварын уналтыг нөхөх хэмжээнд хүрэхгүй гэж үзэж буйгаа илэрхийлжээ.

МҮЭХ-ны ерөнхийлөгч А.Тамир: Ажил хаялт хамгийн эцсийн арга. Эндээс гарах маш олон сөрөг үр дагавар бий. Үүний хариуцлагыг төр хүлээнэ. Манай салбарынхан 30 хувийн цалингийн нэмэгдэл хүсэж байна. Маргааш гэхэд шууд нэмэхгүй гэхэд үе шаттайгаар нэмэх саналаа хэлээч ээ. Эрчим хүчний яамнаас 10 хувиар нэмэх санал хэлсэн ч үүнтэй санал нийлэхгүй. Инфляц өсөж, худалдан авах чадвар хэрхэн буурч байгаа. Мөнгөний ханш 20 хувиар унаад байхад 10 хувийн цалингийн нэмэгдэл бол нэмэгдэл биш. Маргааш гэхэд нийтээр тог, цахилгаангүй болох нөхцөл бүрдээд байна. Энэ ажил хаялтыг ҮЭ-ийн гишүүн байгууллагуудын нэг нь ч хүсээгүй. Гэвч ийм нөхцөл байдалд хүргэж байна.

Ийнхүү эрчим хүчний салбарын ажил хаялт түр хойшлогдсон ч цалингийн нэмэгдлийн асуудал эцэслэн шийдэгдээгүй хэвээр байна. Дараагийн 48 цагийн хэлэлцээний үр дүнгээс ажил хаялт эхлэх эсэх нь хамаарахаар болжээ.

Сүүлийн мэдээ
Холбоотой мэдээ

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу