Боловсролын сайд Л.Энх-Амгалан өнгөрсөн долоо хоногт хийсэн гол ажлуудаа танилцуулж, хүүхдийн эрх, хөгжил, хамгааллын чиглэлээр хэрэгжүүлэх хэд хэдэн шинэ арга хэмжээг онцоллоо.
Хүүхдийн төлөө үндэсний хөдөлгөөн эхэлжээ
Тэрбээр хүүхдийн эрх, хөгжил, хамгааллын хүрээнд “Хүүхдийн төлөө ‘За’ гэж хэлэх хангалтгүй, заавал хийх ёстой” үндэсний хөдөлгөөнийг өрнүүлж эхэлснийг мэдээлэв.
Энэхүү хөдөлгөөн нь хүүхдийн асуудлыг зөвхөн уриа, амлалтаар бус бодит ажил, хэрэгжилтээр шийдвэрлэх зорилготой аж.
Цэцэрлэгийн насныхныг эрүүл мэндийн үзлэгт хамруулна
Ирэх есдүгээр сарын 1-нээс цэцэрлэгийн насны хүүхдүүдийг эрүүл мэндийн эрт илрүүлэг, үзлэгт хамруулахаар төлөвлөжээ.
Энэ нь хүүхдийн эрүүл мэндийн эрсдэлийг бага насанд нь илрүүлэх, шаардлагатай тусламж үйлчилгээг цаг алдалгүй хүргэх, цаашдын хөгжилд нь дэмжлэг үзүүлэхэд чиглэж байна.
“Хүүхэд хөгжлийн ордон-2”-ын ажил 60 хувьтай байна
Мөн “Хүүхэд хөгжлийн ордон-2”-ын засвар, тохижилтын ажил одоогоор 60 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байгаа аж.
Хүүхэд, залуусын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх орчныг нэмэгдүүлэх зорилгоор спорт заалуудыг зуны улиралд нээлттэй ажиллуулахаар болсон байна.
Сургуулиудад компьютер, ухаалаг самбар нийлүүлнэ
Боловсролын салбарын цахим шилжилтийг эрчимжүүлэх хүрээнд 2026 оны есдүгээр сарын 1-нээс 2028 он хүртэл гурван үе шаттай томоохон нийлүүлэлт хийхээр төлөвлөжээ.
Энэ хугацаанд ерөнхий боловсролын сургуулиудад нийт 300 мянган компьютер, 15 мянган ухаалаг самбар нийлүүлэхээр ажиллаж байгаа юм.
Сургуулийн ачааллыг бууруулах шинэ зохион байгуулалт хийнэ
Түүнчлэн хотхоны бага сургууль болон төрөлжсөн ахлах сургуулийн тогтолцоонд шилжих ажлыг эхлүүлсэн байна.
Энэ хүрээнд нийслэлийн ачаалал өндөртэй сургуулиудыг нэгээс хоёр ээлжээр хичээллүүлэх нөхцөлийг бүрдүүлэхээр ажиллаж байгаа аж. Ингэснээр сурагчдын суралцах орчин, сургалтын чанар, сургуулийн хүртээмжийг сайжруулах боломж нэмэгдэнэ гэж үзэж байна.