Улсын зарим эмнэлэгт унтуулга, мэдээ алдуулалтад ашигладаг фентанил тарианы нөөц тасалдаж, төлөвлөгөөт хагалгаануудыг хойшлуулах нөхцөл үүссэн талаар эмч нар мэдээлжээ.
Сонгинохайрхан дүүргийн Нэгдсэн эмнэлгийн эмч нарын хэлснээр тус эмнэлэг өмнө нь өдөрт дунджаар 10-20 хүнд төлөвлөгөөт хагалгаа хийдэг байсан байна. Харин фентанил тарианы нийлүүлэлт нэг сар орчмын өмнөөс доголдсоноор одоо байгаа багахан нөөцөө зөвхөн шаардлагатай тохиолдолд ашиглаж, өдөрт 1-2 төлөвлөгөөт хагалгаа хийх хэмжээнд хүрчээ.
Мэс заслын эмч Б.Хонгорын тайлбарласнаар шаардлагатай эмийн нөөц хүрэлцэхгүй байх нь хагалгааны үеийн эрсдэлийг нэмэгдүүлэх боломжтой тул эмч нар төлөвлөгөөт хагалгааны тоог бууруулж байгаа аж.
Харин Эрүүл мэндийн яамнаас “нөөц тасраагүй” гэсэн тайлбар өгсөн байна.
Ийнхүү эмнэлгийн эмч нарын мэдээлэл болон яамны тайлбар хооронд зөрүүтэй байр суурь гарч байгаа бөгөөд фентанил тарианы бодит нөөц, нийлүүлэлтийн нөхцөл байдалд анхаарал төвлөрөөд байна.