Францын бага насны хүүхдийн асаргаа болон цэцэрлэгийн ажилтнуудын үйлдвэрчний эвлэлүүд хөдөлмөрийн нөхцөлийг сайжруулж, цалин нэмэхийг шаардсан үндэсний хэмжээний ажил хаялтад нэгдлээ. Энэ талаар BFMTV мэдээлэв.
Сент-Этьен хотод эсэргүүцлийн арга хэмжээ Жан-Жоресын талбайд болох бөгөөд бага насны хүүхдийн асаргааны 10 төвийн үйл ажиллагаанд нөлөөлнө. Зарим нь бүрэн хаагдах бол ихэнх нь цомхотгосон горимоор ажиллах аж.
Ажил хаялтыг 50 орчим байгууллагыг нэгтгэдэг Pas de bébés à la consigne хөдөлгөөн санаачилжээ. Үйлдвэрчний эвлэлүүд хөдөлмөрийн нөхцөлийг сайжруулах, цалингийн шатлалыг шинэчлэх, мэргэжилтэн бэлтгэх төвүүд байгуулахыг шаардан 9-р сард ажил хаялтын мэдэгдлээ хүргүүлсэн байна.
“Ажлын байран дээрх ажилтнуудад бодитоор мэдрэгдэх арга хэмжээг яаралтай авах шаардлагатай байна” гэж тэдний мэдэгдлийг BFMTV эш татжээ.
Ажил хаягчдын гол шаардлага нь нэг асран хүмүүжүүлэгчид ногдох хүүхдийн тооны стандартыг өөрчлөх явдал юм. Одоогоор Францад нэг ажилтан найман нярай эсвэл алхаж сурсан таван хүүхэд хариуцдаг байна. Үйлдвэрчний эвлэлүүд 2030 он гэхэд нэг насанд хүрсэн хүнд ногдох нярайн тоог дөрөв болгон бууруулахыг шаардаж байна.
Үйлдвэрчний эвлэлийн идэвхтнүүдийн хэлснээр, энэ салбарт ажиллах хүчний хомсдол, ажилтны өндөр солигдолт ноцтой асуудал болжээ. Нэг хүүхэд жилийн дотор тав, зургаан өөр асран хүмүүжүүлэгчтэй болох тохиолдол ч гардаг байна. Тэдний анхааруулснаар, 2033 он гэхэд Францад бага насны хүүхдийн асаргааны 100 мянган байр дутагдаж болзошгүй аж.
Францын Засгийн газар сургуулийн өмнөх боловсрол, асаргааны тогтолцоог дэмжих гурван жилийн хугацаатай 90 сая еврогийн яаралтай төлөвлөгөө зарласан ч үйлдвэрчний эвлэлүүд энэ хэмжээг хангалтгүй гэж үзэж байна.