Олон улсын иргэний нисэхийн байгууллага болон санхүүгийн шинжээчид агаарын тээврийн салбар түүхэн дэх хамгийн хүнд үеийн нэгтэй тулгарч байгааг анхаарууллаа.
АНУ, Ираны хоорондын мөргөлдөөнөөс шалтгаалан газрын тосны үнэ огцом өсөж, нэг баррель нь 150 ам.долларт хүрсэн нь авиа компаниудын зардлыг эрс нэмэгдүүлжээ. Үүний улмаас санхүүгийн нөөц багатай агаарын тээврийн компаниуд үйл ажиллагаагаа үргэлжлүүлэхэд хүндрэлтэй болж, салбарын бүтэц бүхэлдээ өөрчлөгдөх эрсдэлтэй байна.
Зарим компани үйл ажиллагаагаа зогсоожээ
Сүүлийн мэдээллээр хэд хэдэн томоохон тээвэрлэгч үйл ажиллагаагаа зогсоосон эсвэл дампуурлын ирмэгт хүрсэн байна.
Ираны үндэсний агаарын тээвэрлэгч Iran Air дайны ажиллагаа болон дэд бүтцийн ноцтой эвдрэлээс шалтгаалан нислэгээ бүрэн зогсоожээ.
Алсын зайн нислэгээр үйлчилдэг Норвегийн Norse Atlantic Airways түлшний асар өндөр өртгийг дааж чадахгүй болсон тул дампуурлаа зарласан байна.
Энэтхэгийн SpiceJet бэлэн мөнгөний хомсдол, түлшний үнийн дарамтаас болж бүх нислэгээ цуцалжээ.
Wizz Air, Air Arabia Abu Dhabi-д ч дарамт нэмэгдэв
Унгарын Wizz Air компани түлшний үнэ өссөн нь үйл ажиллагаагаа цаашид хэвийн үргэлжлүүлэхэд томоохон дарамт болж байгааг мэдэгдсэн байна.
Харин АНЭУ-ын Air Arabia Abu Dhabi мөргөлдөөний бүстэй ойр байрлалтайгаас зорчигчдын урсгал 80 хувиар буурсан тул татан буугдах шийдвэр гаргасан гэж мэдээлжээ.
Авиа салбарын ирээдүй тодорхойгүй болов
Газрын тосны үнэ өндөр түвшинд хадгалагдвал агаарын тээврийн салбарын зардал цаашид ч нэмэгдэх төлөвтэй байна. Ялангуяа алсын зайн нислэг, хямд өртөгтэй тээвэрлэгчид болон санхүүгийн нөөц багатай компаниуд хамгийн түрүүнд хүнд цохилтод өртөж байна.
Шинжээчдийн үзэж буйгаар энэ хямрал цаашид нислэгийн чиглэлүүд цөөрөх, тасалбарын үнэ нэмэгдэх, авиа компаниуд нэгдэх эсвэл зах зээлээс гарах үйл явцыг түргэсгэж болзошгүй юм.