Говь-Алтай аймгийн Тонхил сумын төвөөс зүүн урд зүгт 18 километрийн зайд өнөөдөр буюу 2026 оны дөрөвдүгээр сарын 8-ны 00:07:24 цагт 4.5 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон талаар Онцгой байдлын ерөнхий газар мэдээллээ.
Тус газар хөдлөлтийн байршил нь өргөрөг 46.19, уртраг 94.07 цэгт бүртгэгдсэн байна.
Аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан Тонхил сумын удирдлагуудаас тодруулахад газар хөдлөлтийн чичирхийлэл мэдрэгдсэн ч одоогоор ямар нэгэн хохирол учраагүй гэж мэдээлжээ.
Мэргэжлийн байгууллагын тайлбарласнаар магнитуд гэдэг нь газар хөдлөлтийн голомт хөрсөн доор ямар хүчтэй байгааг илэрхийлдэг үзүүлэлт юм. Харин газрын гадарга дээр, хүн болон барилга байгууламжид хэр хүчтэй мэдрэгдэж байгааг баллаар хэмждэг байна.
Ерөнхий ангиллаар 2.5 магнитудын газар хөдлөлт зөвхөн багажид тэмдэглэгддэг бол 2.5-5.4 магнитудын хүчтэй чичиргээ нь хүмүүст мэдрэгдэж, бага зэргийн гэмтэл учруулж болзошгүй аж. 5.5-6.0 магнитудын үед бага хэмжээний эвдрэл гарч болох бөгөөд 6.1-6.9 магнитуд хүрвэл хот суурин газарт бодит хохирол үүсэх эрсдэлтэй гэж үздэг. Харин 7.0-7.9 магнитудын хүчтэй газар хөдлөлт их хэмжээний эвдрэл сүйрэл дагуулдаг бол 8 магнитудаас дээш бол эпицентрийн ойролцоо бараг бүрэн сүйрэлд хүргэх аюултайд тооцогддог байна.
Онцгой байдлын байгууллагаас газар хөдлөлтийн үед авах хэд хэдэн зөвлөмжийг дахин сануулжээ. Хүчтэй чичиргээ ихэвчлэн нэг минут орчим үргэлжилдэг тул бат бөх ширээний доор орж, толгойгоо хамгаалах нь хамгийн зөв алхамд тооцогддог. Хэрэв тийм боломжгүй бол том оврын тавилга, цонхноос хол ханын дагуу сууж хамгаалах хэрэгтэй аж.
Мөн цахилгаан болон хийн төхөөрөмжийг унтраах, гал гарсан бол нэн даруй дарах, орчноо ажиглаж сандралгүй тайван байх шаардлагатайг онцолжээ. Ийм үед цахилгаан шат ашиглахгүй байх ёстой бөгөөд хаалганы орчимд зогсох нь зарим тохиолдолд илүү аюул багатайд тооцогддог байна.
Хэрэв газар хөдлөлт гадаа явах үед тохиолдвол барилгын тоосго, мод, цонхны шил, гэрлийн шон, зарын самбар зэрэг дээрээс унах эрсдэлтэй зүйлсээс холдож, нээлттэй задгай талбайд зогсох хэрэгтэй. Харин олон хүнтэй үйлчилгээний газар, зах, дэлгүүр зэрэгт сандрал амархан үүсдэг тул ажилтнуудын өгч буй чиглэл, зөвлөгөөг дагах нь чухал юм.
Автомашинтай зорчиж яваа үед газар хөдлөлт мэдрэгдвэл аль болох хурдан зогсож, радиогоор дамжих мэдээллийг сонсох хэрэгтэй. Гэхдээ нүхэн гарцын доор болон өндөр барилгын хажууд зогсохгүй байхыг анхааруулжээ. Харин гол мөрөн, усны ойролцоо байгаа бол нэн даруй өндөрлөг газарт очих шаардлагатай байна.
Мөн гамшгийн дараах үед аль болох бага эд зүйл авч, явганаар шилжин байрлах нь зөв гэж зөвлөсөн байна. Учир нь автомашинаар олноор зорчих нь замын түгжрэл үүсгэж, аврах ажиллагаанд саад учруулж болзошгүй юм. Ийм нөхцөлд цуу яриа, баталгаагүй мэдээлэлд автахгүй байж, зөвхөн нутгийн захиргаа, онцгой байдал, цагдаа, эрүүл мэндийн байгууллагаас өгч буй бодит мэдээллийг дагах нь хамгийн чухал гэж анхаарууллаа.