ГССҮТ-ийн эмч нар орон нутагт цээжний хөндийн хүнд мэс заслыг бүрэн нэвтрүүлжээ

Цээжний хөндийн гэмтлийн эмчилгээг 8 дахь жилдээ хэрэгжүүлж байна

Гэмтэл согог судлалын үндэсний төвийн Хавсарсан гэмтлийн мэс заслын тасгийн эмч, мэргэжилтнүүд цээжний хөндийн битүү гэмтэл, дурангийн мэс засал болон олон хавирганы тогтворгүй хугарлыг бэхлэх эмчилгээг Монгол Улсад нутагшуулж, эмнэлгийн тусламж үйлчилгээнд найм дахь жилдээ амжилттай хэрэгжүүлж байна.

Энэхүү чиглэлийн тусламж, үйлчилгээг зөвхөн төв эмнэлэгт бус орон нутагт хүргэх зорилгоор тус тасгийн эмч нар алсын дуудлагаар аймаг, сумдад ажиллаж, яаралтай тусламж үзүүлсээр байгаа юм.

Орон нутгийн эмч нарыг ажлын байран дээр нь сургаж байна

ГССҮТ-ийн эмч нар хөдөө орон нутагт ажиллахдаа зөвхөн мэс заслын тусламж үзүүлэхээс гадна тухайн аймгийн эмч, мэргэжилтнүүдийг ажлын байран дээр нь сурган чадавхжуулж байна. Мөн орон нутгийн эмч нартай хамтарсан үзлэг, оношлогоо хийж, шаардлагатай тохиолдолд мэс засал эмчилгээг хамтран гүйцэтгэдэг аж.

Энэ нь хүнд гэмтлийн үед иргэдийг заавал нийслэл рүү тээвэрлэхгүйгээр орон нутагтаа шуурхай оношлуулж, эмчилгээ авах боломжийг нэмэгдүүлж байна.

21 аймагт цээжний хөндийн мэс заслыг бие даан хийдэг болжээ

Уг ажлын үр дүнд Монгол Улсын 21 аймагт цээжний хөндийн битүү гэмтэл, дурангийн мэс засал болон хавирганы хугарлыг бэхлэх эмчилгээг бие даан хийх боломж бүрдсэн байна. Ингэснээр осол гэмтлийн үед орон нутгийн иргэдэд цаг алдалгүй эмнэлгийн тусламж үзүүлэх нөхцөл сайжирчээ.

Мөн энэ нь лавлагаа шатлалын эрүүл мэндийн байгууллагуудын ачаалал, төвлөрлийг бууруулахад чухал нөлөө үзүүлж байгаа юм.

Завхан аймагт амь тэнссэн мэс засал амжилттай хийжээ

ГССҮТ-ийн Хавсарсан гэмтлийн мэс заслын тасгийн эмч нар хамгийн сүүлд Завхан аймагт алсын дуудлагаар ажилласан байна. Тэд цээжний хөндийн битүү гэмтэлтэй, олон хавирганы тогтворгүй хугаралтай өвчтөнд амь тэнссэн үеийн яаралтай мэс заслын тусламж үйлчилгээг амжилттай үзүүлжээ.

Түүнчлэн эмч нар буцах замдаа Өвөрхангай аймгийн нэгдсэн эмнэлэгт ажиллаж, цээжний хөндийн хавсарсан хүнд гэмтэлтэй өвчтөний эмчилгээний асуудлыг орон нутгийн эмч нартай хамтран шийдвэрлэсэн байна. Мөн тухайн өвчтөнд шаардлагатай эмчилгээний зөвлөгөө, мэдээллийг өгчээ.

ГССҮТ-ийн эмч нар орон нутагт цээжний хөндийн хүнд мэс заслыг бүрэн нэвтрүүлжээ
Сүүлийн мэдээ
Холбоотой мэдээ

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу