ХААН Банкны 3х3 УАШТ-д нийслэлийн багууд ноёрхлоо

ХААН Банкны нэрэмжит 3х3 сагсан бөмбөгийн улсын аварга шалгаруулах тэмцээн орон даяар зохион байгуулагдаж, финалын шатны тоглолтууд өчигдөр Үндэсний соёл амралтын хүрээлэнд амжилттай өндөрлөлөө. Шийдвэрлэх шатанд бүсийн тэмцээнүүдээс шалгарсан эрэгтэй, эмэгтэй нийт 24 баг аваргын цомын төлөө хурд, хүч, ур чадвар, багийн ажиллагаагаа сорин өрсөлдсөн байна.

Монголын хамгийн том банкнуудын нэг болох ХААН Банк нийгмийн хариуцлагын хүрээнд хүүхэд, залуусын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, эрүүл мэнд, биеийн хөгжлийг дэмжих, багийн спортыг түгээн дэлгэрүүлэх зорилгоор 2021 онд 21 аймаг, Зүүнхараа, Замын-Үүд болон нийслэлийн найман дүүрэгт 3х3 сагсан бөмбөгийн жишиг талбай байгуулсан билээ. Үүнээс хойш тус тэмцээнийг жил бүр уламжлал болгон зохион байгуулж ирсэн юм.

Энэ жил ХААН Банк 35 жилийн ойнхоо хүрээнд тэмцээний цар хүрээг улам өргөжүүлжээ. Тухайлбал, Монголын 3х3 сагсан бөмбөгийн холбооноос 18 хүртэлх насны хүүхдүүдийн дунд 3х3 сагсан бөмбөгийн улсын аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулах эрхийг албан ёсоор авч, олон улсын стандартын дагуу явуулсан байна.

Эрэгтэй ангилалд нийслэлийн “Чингэлтэй Triton” баг тэргүүн байрт шалгарч, аваргын цомын эзэн боллоо. Харин удаах байруудад Дархан хотын “One team” болон “Дайчид” багууд орсон байна.

Эрэгтэй ангиллын дүн:

  1. “Чингэлтэй Triton” — нийслэл
  2. “One team” — Дархан хот
  3. “Дайчид” — Дархан хот

Эмэгтэй ангилалд нийслэлийн “Royal Pirates” баг түрүүлж, Орхон аймгийн “5-р сургууль” баг хоёрдугаар байр, Сэлэнгэ аймгийн “Ерөө U17” баг гуравдугаар байр эзэлжээ.

Эмэгтэй ангиллын дүн:

  1. “Royal Pirates” — нийслэл
  2. “5-р сургууль” — Орхон аймаг
  3. “Ерөө U17” — Сэлэнгэ аймаг

Финалын шатанд аварга болсон баг 10 сая төгрөг, хоёрдугаар байрын баг 8 сая төгрөг, гуравдугаар байрын баг 6 сая төгрөгийн шагнал хүртсэн байна.

Энэ удаагийн тэмцээнд улсын хэмжээнд хоёр мянга гаруй хүүхэд хамрагджээ. Аймаг, орон нутгийн шатнаас шалгарсан 96 багийн 380 гаруй хүүхэд бүсийн аваргын төлөө өрсөлдсөн нь тэмцээний цар хүрээ, оролцоог харуулсан үзүүлэлт болов.

Мөн тэмцээний хүрээнд 3х3 сагсан бөмбөгийн багш, дасгалжуулагч, шүүгчдийг мэргэшүүлэх сургалтыг Монголын 3х3 сагсан бөмбөгийн холбоо Монголд анх удаа зохион байгуулсан байна. Сургалтад оролцсон хүн бүрд мэргэжлийн сертификат олгосон нь энэ жилийн тэмцээний нэг онцлог байлаа.

ХААН Банк Монголын сагсан бөмбөгийн спортыг олон жил тогтвортой дэмжиж ирсэн. Тус банк 2015 оноос NBA-ийн шууд дамжуулалтын нэвтрүүлгийн ерөнхий ивээн тэтгэгчээр ажиллаж, мөн 2024-2025 оны Оюутны лигийг дэмжсэн юм. Харин өнгөрсөн оноос Монголын сагсан бөмбөгийн дээд лигийн “ХААН шонхрууд” багийг ивээн тэтгэж, хамтын ажиллагаагаа үргэлжлүүлж байна.

Ийнхүү ХААН Банкны нэрэмжит 3х3 сагсан бөмбөгийн УАШТ-д нийслэлийн багууд эрэгтэй, эмэгтэй ангилалд хоёуланд нь аваргалж, энэ жилийн тэмцээний гол баатрууд боллоо.

Сүүлийн мэдээ
Холбоотой мэдээ

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу