Хаан оцон шувуу, Антарктидын үслэг хав уур амьсгалын өөрчлөлтийн улмаас ховордох эрсдэлд оржээ

IUCN-ийн шинэ тайлан Антарктидын хамгийн танил хоёр амьтны ирээдүй улам эмзэг болж байгааг анхааруулав

Уур амьсгалын өөрчлөлт Антарктидын хамгийн танил, онцлог хоёр амьтанд ноцтой заналхийлэл учруулж эхэлжээ. Тодруулбал, хаан оцон шувуу болон Антарктидын үслэг далайн хавын тоо толгой эрчимтэй буурч, устах эрсдэл улам нэмэгдэж байгааг Байгаль хамгаалах олон улсын холбоо болох IUCN шинэ тайландаа онцолсон байна. Тус байгууллагын дүгнэлтээр дэлхийн дулаарал, мөсөн бүрхүүлийн хайлалт, мөн хоол тэжээлийн хомсдол нь эдгээр амьтдын тоо толгойд хамгийн хүчтэй нөлөөлж буй гол хүчин зүйлс болжээ.

IUCN-ийн ховордож буй амьтдын Улаан жагсаалтад хаан оцон шувуу өмнө нь “Аюулд өртөхөд ойрхон” ангилалд байсан бол одоо “устах аюултай” ангилалд шилжсэн байна. Үүнтэй зэрэгцэн Антарктидын үслэг далайн хав ч мөн “Аюул багатай” ангиллаас гарч, устах эрсдэлтэй ангилалд оржээ.

Мөс хайлж, крилл багассанаар хаан оцон шувуу үржиж чадахгүй, үслэг хавууд хоолгүй болж байна

Хаан оцон шувуу нь оцон шувуудын дундаас хамгийн том биетэй төрөлд тооцогддог. Тэд нэг метрээс өндөр, ойролцоогоор 45 килограмм жинтэй байдаг. Гэвч энэ зууны төгсгөл гэхэд тэдний тоо толгой эрс цөөрөх хандлагатай байна. Судалгаагаар 2080-аад он гэхэд нийт сүргийнх нь тал хувь орчим нь устаж болзошгүй аж. Зөвхөн 2009-2018 оны хооронд л гэхэд хаан оцон шувууны тоо толгой 10 хувиар буурсан нь ойролцоогоор 20 мянган нас бие гүйцсэн шувуу алдагдсантай тэнцэж байна.

Энэ төрлийн оцон шувуу далайн мөстэй нягт холбоотой амьдардаг. Тэд мөсөн дээр үүрлэж, амарч, мөн ан хийдэг. Гэвч уур амьсгалын өөрчлөлтийн улмаас мөс жил бүр эрт хайлж байгаа нь үржлийн мөчлөгийг нь ноцтой алдагдуулж байна. Ингэснээр олон шувуу дэгдээхэйгээ өсгөж бойжуулж чадахгүйд хүрчээ. Сүүлийн жилүүдэд хаан оцон шувууны колонийн бараг тал хувь нь үржлийн доголдолтой тулгарсан байна.

Харин Антарктидын үслэг далайн хавын хувьд 1999-2025 оны хооронд нийт тоо толгой нь 50-иас дээш хувиар буурсан тул IUCN тэдний ангиллыг мөн ахиулан өөрчилжээ. Эрдэмтдийн үзэж байгаагаар энэ бууралтын гол шалтгаан нь тэдний үндсэн хоол болох далайн криллийн хүртээмж эрс багассантай холбоотой аж.

Антарктидын үслэг далайн хавын үнэлгээнд оролцсон эрдэмтэн Кит Ковачс энэ талаар тайлбарлахдаа, далайн гадаргын усны температур нэмэгдэхийн хэрээр криллүүд илүү хүйтэн бүс хайж, эрэг рүү эсвэл далайн илүү гүн давхарга руу шилжиж байгаа гэжээ. Крилл нь Антарктидын эргэн тойрны хүйтэн усанд амьдардаг, сам хорхойтой төстэй жижиг хавч хэлбэртэн бөгөөд олон далайн амьтдын хоол тэжээлийн үндсэн эх үүсвэр болдог.

Ковачсын хэлснээр, уур амьсгалын өөрчлөлт үргэлжилсээр байвал үслэг далайн хав зэрэг криллээр хооллодог амьтдын амьд үлдэх нөхцөл улам хүндэрнэ. Өөрөөр хэлбэл, хоол тэжээлийн сүлжээний суурь хэсэг алдагдаж эхэлснээр Антарктидын экосистем бүхэлдээ илүү эмзэг болж байна.

Сүүлийн мэдээ
Холбоотой мэдээ

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу