Нас баралтын шалтгаан зүрхний шигдээс гэж тогтоогдсон байна
Хантавирусийн халдвар дэгдсэн “MV Hondius” хөлөг онгоцны зорчигчдыг нүүлгэн шилжүүлэх ажиллагаанд оролцсон Испанийн Иргэний гвардийн нэг алба хаагч нас барсан талаар Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын тэргүүн Тедрос Аданом Гебрейесус баталжээ.
Урьдчилсан дүгнэлтээр түүний нас баралтын шалтгаан нь хантавирусийн халдвар бус, зүрхний шигдээс байсан нь тогтоогдсон байна.
Андес омгийн есөн тохиолдол батлагджээ
Одоогоор хантавирусийн Андес омгоор халдварласан нийт есөн тохиолдол батлагдсан бөгөөд үүнээс гурван нас баралт бүртгэгджээ.
Мөн халдварын омгийн генийн шинжилгээ хийсэн байна. Генетикч Дмитри Прусс-ын мэдээлснээр, халдвар авсан зорчигчдоос авсан сорьцын шинжилгээгээр хантавирусийн Андес омог илэрсэн аж.
Гурван өвчтөний сорьцод хийсэн шинжилгээгээр вирусийн генийн дараалал бүрэн тохирсон байна. Харин хоёр өвчтөнд хэд хэдэн мутац илэрчээ.
Хүнээс хүнд халдварласан байх магадлалтай
Пруссын үзэж буйгаар, энэ тохиолдлын дүр зураг нь 2018-2019 онд Аргентинд гарч байсан хантавирусийн дэгдэлттэй төстэй байна. Тухайн үед Андес омог хүнээс хүнд халдварлах боломжтой болох нь анхаарал татаж байсан юм.
Тэрээр хэрэв халдвар зэрлэг мэрэгчдээс шууд дамжсан бол вирусийн генийн дараалал илүү их ялгаатай байх байсан гэж тайлбарлажээ.
“MV Hondius” хөлөг онгоцон дээрх тохиолдлын хувьд халдварын далд үе дунджаар гурван долоо хоног байсан гэж үзэж байна. Анхны өвчтөнөөс ойролцоогоор 6-7 хүн халдвар авсан байх магадлалтай аж.
Нэг бүсэд хамт байснаар халдварласан байж болзошгүй
Пруссын дүгнэлтээр, халдвар биед шууд хүрснээс бус, хөлгийн нэг бүсэд хамт байсан нөхцөлөөс дамжсан байх боломжтой байна.
2018-2019 оны Аргентины дэгдэлтийн туршлагаас харахад тусгаарлах арга хэмжээг шуурхай хэрэгжүүлснээр халдварын тархалтыг зогсоох боломжтой гэж үздэг.
Иймээс энэ удаагийн тохиолдолд ч тусгаарлалт, тандалт, хурдан хариу арга хэмжээ чухал үүрэгтэй гэж шинжээчид үзэж байна.
Шуурхай арга хэмжээ нас баралт бууруулахад чухал
Мэргэжилтнүүдийн онцолж буйгаар, хантавирусийн халдварын үед хамгийн чухал зүйл нь эрт илрүүлэлт, тусгаарлалт, эмнэлгийн тусламжийг цаг алдалгүй үзүүлэх явдал юм.
Шуурхай арга хэмжээ авах нь халдварын хүнд хэлбэр болон нас баралтын эрсдэлийг бууруулахад чухал ач холбогдолтой гэж үзэж байна.