Хорт хавдрыг эрт үед нь илрүүлэх, иргэдийн эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэх зорилготой “Хавдрын эсрэг үндэсний аян” 16 дахь жилдээ үргэлжилж байна. 2026 онд Сэлэнгэ, Хөвсгөл аймагт амжилттай хэрэгжсэн тус аяны багийнхан энэ долоо хоногт Дорнод аймагт ажиллаж байна.
Дорнод аймаг дахь нөхцөл байдал ба аяны хүрээнд хийгдэх ажил
Дорнод аймагт 2025 онд шинээр бүртгэгдсэн хорт хавдрын тохиолдлын 57.5 хувь нь III-IV буюу хожуу үедээ оношлогдсон бөгөөд нас барсан иргэдийн 53.7 хувь нь оношлогдоод нэг жилийн дотор нас барсан харамсалтай статистика гарчээ.
Иймд Хавдар судлалын үндэсний төвийн (ХСҮТ) нарийн мэргэжлийн эмч нар Дорнод аймгийн Нэгдсэн эмнэлэгтэй хамтран дараах чиглэлээр ажиллаж байна:
- Үнэ төлбөргүй үзлэг, оношилгоо: Хавдрын сэжигтэй тохиолдол байх магадлалтай, өвчилсөн болон онош тодруулах шаардлагатай иргэдэд тусламж, үйлчилгээ үзүүлэх.
- Мэргэжил, арга зүйн дэмжлэг: Орон нутгийн эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдэд сургалт зохион байгуулж, хавдрын эрт илрүүлэг, оношилгоо, эмчилгээний чиглэлээр мэдлэг, ур чадварыг нь дээшлүүлэх.
(Сануулахад, уг аян Дорнод аймагт 2011–2023 онд 5 удаа хэрэгжихдээ нийт 6,941 иргэнийг үзлэгт хамруулж, хорт хавдрын 49, сэжигтэй 84 тохиолдлыг эрт илрүүлж байжээ.)
“Хавдрын эсрэг үндэсний аян”-ы 16 жилийн үр дүн
ХААН Банкны санхүүжилтээр ХСҮТ, МҮОНРТ хамтран 2011 оноос хойш тасралтгүй хэрэгжүүлж буй тус аян нь:
- Монгол орныг 4 удаа бүтэн тойрон ажилласан.
- Өнөөдрийн байдлаар 142,000 гаруй иргэнийг үнэ төлбөргүй үзлэг, оношилгоонд хамруулсан.
- Хорт хавдрын 720 гаруй тохиолдлыг эрт үед нь илрүүлсэн.
- ХААН Банк нийгмийн хариуцлагын хүрээнд уг аянд нийт 1.6 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийгээд байна.