Ираны дуучин Парасту Ахмади болон түүнтэй хамтран ажилласан гурван хөгжимчин, нэг продюсерийг тус бүр 74 удаа ташуурдсан талаар өмгөөлөгчид нь мэдээлжээ. Хижабгүйгээр тоглолт хийсэнтэй холбоотой уг шийтгэлийг даваа гарагт Кум хотод гүйцэтгэсэн байна.
Цахимаар дамжуулсан тоглолтын дараа хэрэг үүсгэжээ
29 настай Ахмади 2024 оны арванхоёрдугаар сард шууд дамжуулсан концертод ханцуйгүй даашинзтай, толгойн алчуургүй оролцсон юм. Иранд эмэгтэйчүүд олон нийтийн өмнө дуулахад хатуу хязгаарлалт үйлчилдэг бөгөөд үсээ халхалж, биеэ далдалсан хувцас өмсөхийг шаарддаг байна.
Энэ оны зургаадугаар сард Кум хотын эрүүгийн хэргийн шүүх Ахмади болон өөр найман хүнийг “садар самуун, зохисгүй материал” нийтэлсэн, “олон нийтийн ёс суртахуунд халдсан” гэж буруутган ял оноожээ. Шүүгдэгчид эдгээр буруутгалыг хүлээн зөвшөөрөөгүй байна.
Тэдэнд тус бүр 74 удаа ташуурдах ял оноосноос гадна дуу, дүрсний чиглэлийн үйл ажиллагаа эрхлэхийг хоёр жилээр хориглож, гадаадад зорчих эрхийг нь хязгаарлажээ.
Өмгөөлөгчдийн мэдээлснээр, есдүгээр сарын сүүлээр Кум хотын давж заалдах шатны шүүх тэдний гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шийдвэрийг хэвээр үлдээсэн байна.
Ялыг хойшлуулах хүсэлт үр дүнд хүрээгүй
Ахмади болон хамт шүүгдсэн дөрвөн эрэгтэйд Кум хотын эрүүгийн ял гүйцэтгэх албаны гуравдугаар хэлтэст шийтгэл гүйцэтгэсэн гэж өмгөөлөгчдийн нэг нь мэдээлжээ.
“Бид шүүхийн шийдвэрийг хүчингүй болгуулах, эсвэл ядаж ялыг хөнгөрүүлэх, хойшлуулахын тулд чадах бүхнээ хийсэн боловч үр дүнд хүрсэнгүй. Би болон бусад өмгөөлөгчид ял гүйцэтгэх ажиллагааг хойшлуулахыг хүссэн, гэтэл ял гүйцэтгэх албаныхан шийтгэлийг нэн даруй гүйцэтгэх байр суурьтай байсан” гэж тэр ярьжээ.
Ираны уран бүтээлчид болон хүний эрхийн төлөө тэмцэгчид уг шийтгэлийг эрс эсэргүүцсэн байна. Тэд ташуурдах ялыг хэрцгий, хүнлэг бус, хүний нэр төрийг гутаасан шийтгэл бөгөөд эрүүдэн шүүхийг хориглосон олон улсын хэм хэмжээнд харш гэж анхааруулжээ.
Шинэчлэлийг дэмждэг Этемад сонинд өөр нэг өмгөөлөгч:
“Парасту Ахмадийг дуулсных нь төлөө, мөн хүссэнээрээ хувцасласных нь төлөө ташуурдаж шийтгэсэн явдал бол түүний үндсэн эрхийг ноцтой зөрчиж буй хэрэг юм. Энэ нь Ираны эрх баригчид эмэгтэйчүүдийн эрх чөлөөг хязгаарлах, тэдний ялгаварлан гадуурхсан хууль, бодлогыг эсэргүүцэх зориг гаргасан хэнийг ч харгис хэрцгийгээр шийтгэх шийдэмгий байдлаа харуулсан аймшигтай жишээ боллоо” гэж ярьсан байна.
Хувцаслалтын журмыг эсэргүүцсэн хөдөлгөөн үргэлжилсээр байна
Шариатын хуульд тулгуурладаг Ираны хууль тогтоомжоор өсвөр насны охид, эмэгтэйчүүд үсээ хижабаар халхалж, биеийн галбирыг далдалсан урт, сул хувцас өмсөх ёстой байдаг.
2022 оны есдүгээр сард Техран хотын «ёс суртахууны цагдаа» 22 настай курд бүсгүй Махса Аминиг хижабаа буруу зүүсэн гэх үндэслэлээр саатуулжээ. Тэрээр хоригдож байхдаа нас барсан нь улс даяарх эсэргүүцлийн хөдөлгөөнийг өдөөсөн юм.
Жагсаалын үеэр эмэгтэйчүүд толгойн алчуураа шатааж, агаарт даллан шашны хатуу дэглэмийг эсэргүүцэж байв. Эрх баригчид жагсаалуудыг хүчээр тараах үеэр олон зуун хүн амиа алдсан байна.
Үүнээс хойш олон охид, эмэгтэй олон нийтийн газар үсээ халхлахаас татгалзан, хувцаслалтын журмыг ил тод зөрчих болжээ. Харин эрх баригчид баривчлах, сануулах, бизнесийн үйл ажиллагааг зогсоох зэрэг арга хэмжээг үе үе авч хэрэгжүүлсээр байна.
Эх сурвалж: BBC