Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 1 сая төгрөг болгохоор шийдвэрлэжээ

Шинэ хэмжээ 2027 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжинэ

Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг одоогийн 792 мянган төгрөгөөс 1 сая төгрөг болгон нэмэгдүүлэх шийдвэр гарчээ.

Энэхүү шийдвэрийг Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам болон Монголын Үйлдвэрчний Эвлэлийн холбооны хамтарсан Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн үндэсний хорооны хурлаар шинэчлэн тогтоосон байна.

Шинэчилсэн доод хэмжээг 2027 оны нэгдүгээр сарын 1-нээс мөрдөж эхлэх юм.

Цалингийн татварын хөнгөлөлтийг 1 сая төгрөгөөр тооцно

2027 оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн нийт ажилтан, албан хаагчийн цалин, хөдөлмөрийн хөлсний орлогод ногдуулах хувь хүний орлогын албан татварын хөнгөлөлтийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр тооцохоор болжээ.

Өөрөөр хэлбэл, уг хөнгөлөлтийн суурь хэмжээ 1 сая төгрөг болж нэмэгдэх юм байна.

Хамгийн сүүлд 2024 онд нэмэгдүүлж байв

Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хамгийн сүүлд 2024 оны аравдугаар сард шинэчилсэн. Тухайн үед 660 мянган төгрөг байсан доод хэмжээг 20 хувиар нэмэгдүүлж, 792 мянган төгрөг болгож байжээ.

Ийнхүү хоёр жилийн дараа хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг дахин 20 гаруй хувиар өсгөж, анх удаа 1 сая төгрөгийн босго руу хүргэж байна.

Ажилтан, албан хаагчдын орлогод нөлөөлөх шийдвэр

Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ нэмэгдэх нь бага цалинтай ажиллагсдын орлогын доод баталгааг өсгөхөөс гадна зарим төрлийн татвар, шимтгэл, хөнгөлөлтийн тооцоонд шууд нөлөөлөх ач холбогдолтой.

Шинэ шийдвэр хэрэгжиж эхэлснээр ажил олгогчид цалингийн бодлого, хөдөлмөрийн гэрээ, татварын тооцооллоо шинэ хэмжээнд нийцүүлэх шаардлагатай болох юм.

Сүүлийн мэдээ
Холбоотой мэдээ

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу