Хөнгөн атлетикийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн түүхэндээ анх удаа Африк тивд зохион байгуулагдахаар болжээ. Унгарын нийслэл Будапешт хотод болсон Дэлхийн хөнгөн атлетикийн холбооны Зөвлөлийн 242 дахь хурлаар 2029 оны ДАШТ-ийг Кенийн Найроби, 2031 оны тэмцээнийг Германы Мюнхен хотод зохион байгуулахаар сонгосон байна.
Ингэснээр Найроби хөнгөн атлетикийн ДАШТ-ийг Африкт анх удаа хүлээн авах хот болох бол Мюнхен уг тэмцээнийг Германд дахин авчрах юм.
Найроби түүхэн эрх авлаа
Кенийн нийслэл Найроби 2029 оны тэмцээнийг зохион байгуулах эрх авснаар ДАШТ анх удаа Африк тивд болно.
Найроби өмнө нь олон улсын томоохон тэмцээн зохион байгуулж байсан туршлагатай. Тус хот 2017 онд 18 хүртэлх насны, 2021 онд 20 хүртэлх насны дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг тус тус хүлээн авч байжээ.
Мөн 2027 оны Африкийн Үндэстнүүдийн цомын өмнө томоохон шинэчлэл хийж буй “Касарани” цэнгэлдэх хүрээлэнг 2029 оны ДАШТ-д ашиглахаар төлөвлөсөн байна.
Дэлхийн хөнгөн атлетикийн холбооны ерөнхийлөгч Sebastian Coe энэ удаагийн сонгон шалгаруулалт тэмцээний түүхэн дэх хамгийн өрсөлдөөнтэй байсныг онцлоод, Найроби болон Мюнхен хот хоёул “тэмцээнийг амжилттай зохион байгуулж чадна” гэдгээ харуулсан гэж мэдэгджээ.
Кени дэлхийн хөнгөн атлетикийн хүчирхэг орнуудын нэг
Кени улс хөнгөн атлетикийн амжилтаараа дэлхийд дээгүүр бичигддэг бөгөөд ДАШТ-ий түүхэн медалийн үзүүлэлтээр хоёрдугаар байрт ордог.
2025 онд Токио хотод болсон дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс Кенийн тамирчид долоон алтан медаль хүртэж, нийт 11 медальтай буцсан байна.
Иймээс 2029 онд ДАШТ-ийг эх орондоо зохион байгуулах болсон нь Кенийн хөнгөн атлетикийн түүхэнд шинэ үе эхлүүлэх томоохон үйл явдал болж байна.
2031 онд ДАШТ Мюнхенд очно
2031 оны ДАШТ Германы Мюнхен хотын Олимпын цэнгэлдэх хүрээлэнд болохоор болжээ.
Мюнхен хөнгөн атлетикийн дэлхийн аваргыг анх удаа зохион байгуулах бөгөөд Герман улс 2009 онд Берлинд ДАШТ хийснээс хойш 22 жилийн дараа уг тэмцээнийг дахин хүлээн авна.
Мюнхений Олимпын цэнгэлдэх хүрээлэн 2022 оны Европын аварга шалгаруулах тэмцээний гол талбай байсан бөгөөд тухайн үед ойролцоогоор 267 мянган үзэгч тэмцээнийг үзсэн байна.
Хотын саналд тогтвортой хөгжлийг гол чиглэл болгож, Олимпын цэцэрлэгт хүрээлэнгийн орчинд хөнгөн атлетикийг урлаг, соёлын арга хэмжээнүүдтэй хослуулах төлөвлөгөө багтжээ.
2027 оны ДАШТ Бээжинд болно
Хөнгөн атлетикийн дараагийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн 2027 оны есдүгээр сарын 10-19-нд БНХАУ-ын Бээжин хотод болно.
Үүний дараа 2029 онд Найроби, 2031 онд Мюнхен тус тус дэлхийн шилдэг тамирчдыг хүлээн авах бөгөөд эдгээр хоёр тэмцээнийг мөн есдүгээр сард зохион байгуулахаар төлөвлөжээ.