Хөвсгөл нуурыг дээрээс тольдох Чөчү уулын жим шинэчлэгдэж байна

Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр, Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамны захиалгын дагуу хэрэгжиж буй “Тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэх төсөл”-ийн хүрээнд аялал жуулчлалын дэд бүтцийг сайжруулах хэд хэдэн ажил өрнөж байна. Үүний нэг нь Хөвсгөл нуурын эрэг орчимд нийт 15 км урт, хоёр чиглэлтэй явган болон морин аяллын замыг тохижуулж, аялагчдад илүү хүртээмжтэй болгох бүтээн байгуулалт юм.

Чөчү уул нь далайн түвшнээс дээш 2444 метрийн өндөрт оршдог. Оргил хэсэг нь харьцангуй хавтгай, тэгш тогтоцтой тул уулын дээрээс Хөвсгөл нуурыг бүхэлд нь болон түүнийг хүрээлсэн уулс, байгалийн үзэмжийг өргөн хүрээнд харах боломжтойгоороо онцлог.

Хөвсгөл нуурыг дээрээс тольдох Чөчү уулын жим шинэчлэгдэж байна

Чөчү уулын оргил руу хүрэх 6.3 км урт явган болон морин аяллын жимийн тохижилтыг “Монголын явган алхалтын холбоо” ТББ хариуцан гүйцэтгэж байна. Ажлын хүрээнд олон улсын стандартад нийцсэн чиглүүлэх тэмдэг, маршрутын тэмдэглэгээ, өртөө тус бүрийн мэдээллийн самбар, аюулгүй байдлын зөвлөмж бүхий танилцуулгуудыг байршуулж байгаа аж.

Мөн жимийн дагуу Горхитой өртөө, Савлуурт өртөө, Тойрог өртөө, Тольдох өртөө зэрэг амрах болон түр саатах цэгүүдийг тодорхой тэмдэглэж, аялагчдад зориулсан зай, өндрийн мэдээллийг нарийвчлан тусгаж байна.

Энэхүү тохижилтын ажил бүрэн дууссанаар дотоод, гадаадын аялагчид стандартын шаардлага хангасан, мэдээлэл сайтай, аюулгүй орчинд явган болон морин аялал хийх нөхцөл бүрдэх юм.

Сүүлийн мэдээ
Холбоотой мэдээ

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу