Хөвсгөл нуурын лусыг тахих төрийн ёслол Чөчү хайрханд боллоо

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх төрийг төлөөлөн оролцов

XVII жарны “Сүрээр дарагч” хэмээх Гал морин жилийн зуны адаг Хөхөгчин хонь сарын арван есөнд Хөвсгөл нуурын лусыг тахих төрийн тахилгын ёслол Чөчү хайрхны тахилгат овоонд зохион байгуулагдлаа.

Тахилгын ёслолд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх төрийг төлөөлөн оролцсон байна. Ёслолын өмнөх орой Хөвсгөл аймгийн Мөрөнгийн хүрээ Гандандаржайлин хийдийн лам нар Итгэл, Санжаанамсиг, Зүгдор, Тамжаджав, Хорвоонжиг, Сэртүв, Одсүрэн, Шагжтүв болон Долоон бурхан од тус бүрт зориулан тахилгын ном хуржээ.

Төрийн бэлгэдлүүдийг тахилын ширээнд залав

Тахилгын өдөр Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч У.Хүрэлсүх хүндэт харуулын цэргүүдийн хамгаалалт дор тахилгын талбайд хүрэлцэн ирлээ.

Үүний дараа Монгол Улсын Төрийн далбаа, Бүх цэргийн Их хар сүлдний Умарын элч сүлд, Хөвсгөл аймгийн туг, Эзэн Богд Чингис хааны хөрөг болон Төрийн долоон эрдэнийг тахилын ширээнд хүндэтгэлтэйгээр залсан байна.

Лус савдгийг урин залж, зан үйл үйлдэв

Лам, хуврагууд ном айлдаж, дун, хэнгэрэг зэрэг уламжлалт хөгжмийн аялгуу эгшиглүүлэн овооны эздийг урин залах зан үйлийг үйлджээ.

Мөн Хөвсгөл аймгийн Хөгжимт драмын театрын бүжигчид лусыг баясгах хатдын бүжиг бүжиглэж, тахилгын ёслолын уур амьсгалыг улам сүрлэг болгосон байна.

“Далай ээж”-ийг дээдлэх уламжлалыг онцоллоо

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх монголчуудын олон мянган жилийн түүхтэй уул овоо, ус мөрний тахилга нь эх дэлхий, элгэн нутгаа хайрлан хамгаалах үзэл санаа, үүрэг хариуцлагын илэрхийлэл гэдгийг тэмдэглэв.

Тэрээр мөн улсын үндэс болсон газар нутгаа тамгалан тогтоох, өв соёл, үүх түүх, зан заншлаа ирээдүй хойчдоо өвлүүлэн уламжлуулах төрийн их ёслолын ач холбогдлыг онцолсон байна.

Монголчууд хүн зон, амьтан, ургамал, амьтай бүхнийг ундаалан тэтгэж ирсэн Хөвсгөл нуураа “Далай ээж” хэмээн нэрийдэж, эх хүн шигээ дээдлэн хүндэтгэж ирсэн түүхэн уламжлалтайг дурджээ.

“Уул овоо тахих монгол зан үйл” Дэлхийн өвд бүртгэгдсэн

Байгалийн унаган төрхийг хадгалах, экосистемийг хамгаалахад уул овоо тахих монгол зан үйл онцгой ач холбогдолтой гэж үздэг. Энэ уламжлалыг ЮНЕСКО “Яаралтай хамгаалах шаардлагатай соёлын биет бус өвийн Дэлхийн жагсаалт”-д бүртгэсэн байдаг.

Ерөнхийлөгчийн хэлснээр, төрийн тахилгат хайрхдын судалгаа, шинжилгээг хийлгэж, тахилгын уламжлал, зан үйл, дэг ёс, уул усны онцлогийг тодруулан судалж, олон нийтэд таниулах ажлыг хэрэгжүүлж байна.

Хөвсгөл нуурын эх, хүү 13 овоонд даатгал өргөв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Хөвсгөл нуурын эх, хүү 13 овооны тэнгэр, Цогт охин тэнгэрийн дүрт лус, найман аймгийн нөхөд төрийг хүчирхэгжүүлж, ард олныг энхжүүлэн, эх дэлхий этүгэн газрыг рашаан усаараа мөнхөд тэтгэж байхыг сүслэн даатгасан байна.

Ерөнхийлөгчийн Тамгын газрын дэд дарга Э.Золбоо Хөвсгөл нуурын лус, савдагт хандсан айлтгалыг дуудан сонсгож, торгон дээр бичсэн эх хувийг Хөвсгөл аймгийн музейд хадгалуулахаар аймгийн Засаг дарга Л.Төмөрбаатарт гардуулжээ.

“Далай ээжийн магтаал”, “Монгол далай” эгшиглэв

Соёлын тэргүүний ажилтан Б.Нарандэлгэр “Далай ээжийн магтаал”-ыг хайлсан байна. Үүний дараа Ерөнхийлөгч У.Хүрэлсүх идээ будаа, амттаны дээжийг хангай дэлхийд өргөжээ.

Хөвсгөл аймгийн Хөгжимт драмын театрын гоцлол дуучин, Соёлын тэргүүний ажилтан П.Амарсайхан “Монгол далай” дууг дуулж, лус, савдагт хүндэтгэл илэрхийлсэн байна.

Ёслолын төгсгөлд хүндэт харуулын цэргүүд Монгол Улсын Төрийн далбаа, Бүх цэргийн Их хар сүлдний Умарын элч сүлд, Хөвсгөл аймгийн туг, Эзэн Богд Чингис хааны хөрөг, Төрийн долоон эрдэнийг буцаан залжээ. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх овооны өмнө мэхийн ёсолж, лус савдагт дахин хүндэтгэл үзүүлснээр төрийн тахилгын ёслол өндөрлөсөн байна.

Хөвсгөл нуурыг төрийн тахилгатай болгосон нь

Монгол Улсын гадаргын цэвэр усны нөөцийн 70 гаруй хувийг бүрдүүлдэг Хөвсгөл нуур нь Төв Азийн гадаргын цэнгэг усны гол эх, нэн ховор араатан, жигүүртний өлгий нутаг юм.

Нуурын цэвэр цэнгэг, ариун дагшин байдал, унаган төрх, ургамал, амьтан, түүх соёлын дурсгалыг хадгалан хамгаалах зорилгоор Монгол Улсын Ерөнхийлөгч Гал морин жилд Хөвсгөл нуурыг төрийн тахилгатай болгох зарлиг гаргасан байна.

Нуурыг хамгаалах ажлууд үргэлжилж байна

Хөвсгөл нуурыг хамгаалах санаачилгын хүрээнд 2021-2025 онд нууранд живсэн усан онгоц, машин, техникийг татан гаргажээ. Ингэснээр 50 мянга орчим литр шатахуун, тос, тосолгооны материал болон аюултай хог хаягдал нуурт алдагдахаас сэргийлсэн байна.

Мөн энэ жил Хөвсгөл нуурын орчмыг цэвэрлэх хоёр сарын аян өрнүүлж, нуурыг судлах Олон улсын төв байгуулжээ.

Сүүлийн мэдээ
Холбоотой мэдээ

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу