АНУ-ын Теннесси мужид цаазын ажиллагааны үеэр хоёр удаа үхлийн тариа хийлгэсэн ч амьд үлдсэн Криста Пайк эмнэлгээс гарч, хоригдож байсан шорондоо буцжээ. Энэ талаар түүний өмгөөлөгчид Бямба гарагт мэдээлсэн байна.
50 настай Пайк сүүлийн 30 орчим жил хоригдож буй Дебра К. Жонсоны нэрэмжит Засан хүмүүжүүлэх төвд эргэн ирсэн бөгөөд шоронгийн эмнэлгийн хяналтад үргэлжлүүлэн байгаа аж.
Өмгөөлөгчдийн мэдэгдэлд:
“Тэрбээр ийм онцгой нөхцөл байдалд өөрт нь анхаарал халамж тавьсан яаралтай тусламжийн ажилтнууд болон эмнэлгийн багийнханд талархаж байна. Одоо тэр шоронд эмнэлгийн тусламж үйлчилгээг үргэлжлүүлэн авч байгаа бөгөөд бид түүний биеийн байдал сайжрах явцыг үргэлжлүүлэн хянах болно” гэжээ.
Цаазын ажиллагаа 90 минут орчим үргэлжилжээ
Пайк 1995 онд ангийнхаа сурагч Коллин Слеммерийн амийг хөнөөсөн хэргээр цаазаар авах ял сонссон бөгөөд 2026 оны есдүгээр сарын 30-нд ялыг гүйцэтгэхээр товлосон байв.
Түүнд пентобарбитал бодисын хоёр тун тарьсан ч амьд үлдэж, дараа нь яаралтай эмнэлэгт хүргэсэн байна. Тэр хэсэг хугацаанд амьсгалын аппаратад байсан бөгөөд өмгөөлөгчид нь анх түүнийг амьд үлдэнэ гэж найдаагүйгээ хэлж байжээ.
Гэвч Пайк ухаан орж, ярьж, бусдын тусламжтай алхаж эхэлсэн байна.
АНУ-ын Цаазын ялын мэдээллийн төвийн мэдээлснээр, тэрбээр үхлийн тарианы дараа амьд үлдсэн анхны ялтан болжээ.
Цаазын ажиллагаа эхэлснээс тав орчим минутын дараа Пайк толгойгоо өргөж, гар нь өвдөж байгааг хэлсэн байна. Дараа нь ухаан алдсан мэт харагдсан ч бараг 90 минутын турш хүндээр амьсгалж байсан нь ажиглагчдад сонсогдож байжээ. Үүний дараа түүнийг түргэн тусламжаар эмнэлэгт хүргэсэн байна.
Судсанд тавьсан гуурс буруу байрласан байж болзошгүй
Теннесси мужийн шоронгийн захиргаа ажиллагааны яг аль хэсэгт алдаа гарсныг одоогоор тодорхой мэдээлээгүй байна.
Харин эмнэлгийн болон үхлийн тарианы мэргэжилтнүүд судсанд тавьсан гуурс буруу байрласан байж болзошгүй гэж үзжээ. Ингэснээр тарианы бодис цусны урсгалд орохын оронд биеийн бусад эдэд хуримтлагдсан байх боломжтой гэж тайлбарласан байна.
Пайкийн өмгөөлөгчид шүүхэд хүргүүлсэн баримт бичигтээ:
“Цааз гүйцэтгэх багийн аль ч гишүүн судсанд тарих хоолойг буруу байрлуулсныг огт анзаараагүй бололтой” гэж дурджээ.
Амжилтгүй болсон уг ажиллагааны дараа Теннесси мужийн захирагч Билл Ли энэ онд товлогдсон дараагийн цаазын ажиллагааг хойшлуулж, болсон явдлыг шалгах үүрэг өгсөн байна.
Мөн тус мужийн шоронгийн захиргааны дарга албан тушаалаасаа огцорчээ.
Энэ хэрэг Теннесси муж цаазаар авах ялыг зөв, хүнлэг байдлаар хэрэгжүүлж чадаж байгаа эсэх талаар дахин маргаан үүсгээд байна.