Нохойг хүний хамгийн үнэнч анд гэж үздэг ойлголт хэдэн мянган жилийн өмнөөс эхтэй болохыг шинэ судалгаа баталлаа. Эртний ДНХ-д суурилсан шинжилгээгээр хүн болон нохойн хоорондын холбоо дор хаяж 15,000 жилийн өмнө үүссэн нь тогтоогджээ.
“Nature” сэтгүүлд нийтлэгдсэн энэхүү судалгаанд дурдсанаар хүмүүс хөдөө аж ахуй хөгжихөөс өмнө нохойг тэжээвэр амьтан болгон асарч, нас барсны дараа оршуулдаг байсан байна. Энэ нь нохойг гаршуулсан хугацааг өмнөхөөс ойролцоогоор 5000 жилээр урагшлуулж байгаа юм.
Судлаачид Туркийн Анатолийн хойгоос 15,800 жилийн настай нохойн араг ясыг хүний шарилын хажууд оршуулсан байдлаар илрүүлсэн нь хамгийн эртнийд тооцогдож байна. Өмнө нь Английн Сомерсет мужийн Гоуфын агуйгаас олдсон 14,300 жилийн настай нохойн эрүүний яс энэ төрлийн хамгийн эртний олдвороор бүртгэгдэж байжээ.
Людвиг-Максимилианы их сургуулийн доктор Лачи Скарсбрук “Энэхүү судалгаа нь 15,000 жилийн өмнө нохойнууд Английн Сомерсетээс эхлээд Оросын Сибирь хүртэл Евразийн өргөн уудам нутагт тархан амьдарч байсныг харуулж байна. Энэ нь сүүлчийн мөстлөгийн үед хүмүүс нохойг гаршуулсан байх магадлалыг нэмэгдүүлж байна. Үүнээс хойш ойролцоогоор 10,000 жилийн дараа хүмүүс бусад амьтан, ургамлыг гаршуулж эхэлсэн” хэмээн мэдэгджээ.
Өмнөх судалгаанууд археологийн баримтад тулгуурлан нохойг ойролцоогоор 12,000 жилийн өмнө, мөстлөгийн үе дуусахтай зэрэгцэн гаршуулсан гэж үздэг байсан юм.