Hwasa Монголд гурав дахь удаагаа ирнэ: “K-Pop Masterz”-д тайзнаа гарна

Өмнөд Солонгосын алдарт дуучин, MAMAMOO хамтлагийн гишүүн Hwasa ирэх сарын 7-нд Улаанбаатар хотод болох “K-Pop Masterz” тоглолтод оролцохоор Монголд дахин ирэх гэж байна.

Түүний жинхэнэ нэр Ahn Hye Jin бөгөөд өмнө нь 2015 болон 2025 онд Монголд ирж байсан юм. Ингэснээр энэ удаагийн айлчлал нь Hwasa-гийн Монголын үзэгчидтэй гурав дахь удаагаа уулзах боломж болж байна.

MAMAMOO-гаас соло карьер хүртэл

Hwasa 2014 онд MAMAMOO хамтлагийн гишүүнээр хөгжмийн ертөнцөд хөл тавьсан. Тус хамтлаг “Mr. Ambiguous”, “Um Oh Ah Yeh”, “Décalcomanie”, “Yes I Am” зэрэг бүтээлээрээ Өмнөд Солонгосын хөгжмийн зах зээлд байр сууриа хурдан бэхжүүлсэн билээ.

Hwasa 2019 онд “Twit” дуугаа гаргаснаар бие даасан уран бүтээлийн замналаа идэвхтэй эхлүүлсэн. Уг дуу Өмнөд Солонгосын Circle Digital Chart-ыг тэргүүлж, түүний соло карьерын анхны томоохон амжилтуудын нэг болсон байна.

Үүний дараа 2020 онд анхны мини цомог “Maria”-гаа танилцуулж, ижил нэртэй гол дуу нь Өмнөд Солонгосоос гадна олон улсын сонсогчдын анхаарлыг татжээ.

“Maria” нь цахим орчны шүүмжлэл, бусдын хүлээлттэй нүүр тулсан хүн өөрийгөө байгаагаар нь хүлээн зөвшөөрөх тухай санааг хөнддөгээрээ онцлог.

Hwasa-гийн уран бүтээлүүд зөвхөн хайр дурлалын сэдвээр хязгаарлагддаггүй. Тэр өөрийн мэдрэмж, амьдралын туршлага, нийгмийн хүлээлт болон гадаад төрхтэй холбоотой дарамтын талаар бүтээлүүддээ нээлттэй өгүүлдэг.

2023 онд гаргасан “I Love My Body” синглээрээ хүнийг биеийн галбир, гадаад төрхөөр нь үнэлж, шүүмжилдэг хандлагын эсрэг санааг илэрхийлсэн бол “Chili” зэрэг дуунуудаараа өөрийн өвөрмөц хөгжмийн хэв маяг, тайзны дүр төрхөө үргэлжлүүлэн харуулсан юм.

Монголын үзэгчидтэй гурав дахь удаагаа уулзана

Hwasa 2015 онд MAMAMOO хамтлагийн бусад гишүүдийн хамт Монголд анх ирж байжээ.

Харин 2025 оны хоёрдугаар сард “Степ Арена”-д болсон “Rosedust” хамтарсан тоглолтод оролцож, Монголын фэнүүддээ “Maria”, “Good Goodbye” зэрэг бүтээлүүдээ хүргэсэн байна.

Одоо тэр дахин Улаанбаатарт ирж, “K-Pop Masterz” тоглолтын тайзнаа гарахаар болжээ. Ингэснээр Монгол дахь K-pop сонирхогчид Hwasa-гийн тайзны үзүүлбэрийг гурав дахь удаагаа эх орондоо үзэх боломжтой болох юм.

Сүүлийн мэдээ
Холбоотой мэдээ

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу