Хятадаас 4000 тонн дизель, онгоцны түлш ачигдахад бэлэн болжээ

Онгоцны түлшний доголдлыг богино хугацаанд нөхөхөөр ажиллаж байна

АҮЭБЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Б.Дашпүрэв онгоцны түлшний нийлүүлэлтэд тодорхой хэмжээний доголдол үүсэх нөхцөл байдал бий болсон ч богино хугацаанд зохицуулалт хийж, БНХАУ-аас түлш татан авч эхэлсэн талаар мэдээллээ.

Түүний хэлснээр, Хятадаас нийт 3000 тонн бүтээгдэхүүн авахаар ажилласан бөгөөд өнөөдрийн байдлаар 1000 тонн нь бууж, Улаанбаатар хот руу тээвэрлэгдэж байгаа аж.

2000 тонн дизель, 2000 тонн онгоцны түлш ачихад бэлэн болсон

Б.Дашпүрэв “Онгоцны түлшний хувьд тодорхой хэмжээний доголдол үүсэх нөхцөл байдал бий болсон боловч богино хугацаанд ажиллаж, БНХАУ-аас гурван мянган тонн бүтээгдэхүүн авсан. Өнөөдрийн байдлаар 1,000 тонн бүтээгдэхүүн нь буучихсан, Улаанбаатар хот руу ирж байгаа. Араас нь 2,000 тонн дизель түлш, 2,000 тонн онгоцны түлш ачигдахад бэлэн болсон” гэлээ.

Ингэснээр түлшний нийлүүлэлтийн доголдлыг бууруулах, онгоцны түлш болон дизель түлшний нөөцийг нэмэгдүүлэх чиглэлд нэмэлт тээвэрлэлт хийгдэхээр байна.

Доголдол яагаад шууд хэвийн болдоггүй вэ

Төрийн нарийн бичгийн дарга түлшний нийлүүлэлтэд доголдол үүсэхэд богино хугацаанд бүрэн хэвийн болдоггүй шалтгааныг мөн тайлбарлав.

Түүний хэлснээр, импортлогч аж ахуйн нэгжүүдийн вагон харилцан адилгүй байдлаар орж ирдэг. Жишээлбэл, нэг өдөр 50 вагон түлш орж ирэхэд хоёр аж ахуйн нэгж тус бүр 25 вагоныг авч түгээлт хийдэг байна.

Зарим ШТС бүтээгдэхүүнгүй болж, оочер үргэлжилдэг

Хоёр аж ахуйн нэгж түлшээ түгээж байх үед тэдгээрийн ШТС-ууд дээр их хэмжээний дараалал үүсэж, нөөц хурдан дуусдаг. Харин дараагийн өдөр дахин 50 вагон орж ирэхэд өөр гурван аж ахуйн нэгж бүтээгдэхүүнээ авч түгээж эхэлдэг тул оочер дараалал өөр газруудад үргэлжилдэг байна.

Өмнөх өдөр түлш авсан хоёр аж ахуйн нэгж бүтээгдэхүүнгүй болсон үедээ үйл ажиллагаагаа хэвийн явуулж чаддаггүй учраас хэрэглэгчдийн оочер богино хугацаанд бүрэн саарахгүй, тодорхой хугацаа шаарддаг гэж тайлбарлав.

Нийлүүлэлтийг тогтворжуулахад хугацаа хэрэгтэй гэв

Б.Дашпүрэв “Тодорхой хэмжээний доголдол үүссэн үед яагаад богино хугацаанд хэвийн болдоггүй шалтгааныг тайлбарлая. Импорт хийж буй аж ахуйн нэгжүүдийн вагон харилцан адилгүй орж ирдэг. Өнөөдөр 50 вагон орж ирлээ гэхэд хоёр аж ахуйн нэгж 25, 25 вагон авчихсан байдаг. Хоёр аж ахуйн нэгж түгээлтээ хийж байх үед асар их дугаарлалт үүсэж, нөөцгүй болдог. Маргааш нь 50 вагон орж ирэхэд дараагийн гурван аж ахуйн нэгж аваад түгээх үед оочер дараалал дахин үүсдэг. Өмнөх хоёр аж ахуйн нэгж бүтээгдэхүүнгүй учраас үйл ажиллагаагаа явуулдаггүй. Яг энэ байдлаар оочер дугаарлалт үүсэж байгаа учраас саарахгүй нэлээд хугацаа шаардагддаг” гэлээ.

Тиймээс Хятадаас ачигдахад бэлэн болсон 2000 тонн дизель түлш, 2000 тонн онгоцны түлш орж ирснээр зах зээл дэх дарамт буурч, нийлүүлэлт шат дараатай тогтворжих хүлээлттэй байна.

Сүүлийн мэдээ
Холбоотой мэдээ

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу