Apple компани iPhone утсыг хэрэглэгчийн гараас огцом шүүрч, булаан авсан тохиолдлыг автоматаар илрүүлж төхөөрөмжийг шууд түгжих шинэ хамгаалалтын систем хөгжүүлж байгаа талаар мэдээлэл гарчээ.
9to5Mac-ийн мэдээлснээр уг функцийг одоогоор “AutoLock” гэж нэрлэж байгаа бөгөөд Apple үүнийг албан ёсоор танилцуулаагүй байна.
Утас булаагдсан эсэхийг хэд хэдэн шинжээр тогтооно
Шинэ системийн гол зорилго нь түгжээг нь тайлсан iPhone-ийг эзэмшигчийн гараас хүчээр авсан эсэхийг аль болох найдвартай тодорхойлох явдал аж.
Үүний тулд нэг л үзүүлэлтэд найдахгүй, хэд хэдэн дохиог зэрэг харгалзан үзэхээр хөгжүүлж байгаа гэжээ.
Тухайлбал iPhone-г огцом шүүрч авах үед үүсэх хурдатгал, хөдөлгөөний гэнэтийн өөрчлөлтийг мэдрэгчээр бүртгэх боломжтой. Үүн дээр нэмээд тухайн утас Apple Watch-тай холбогдсон байсан бол холбоо гэнэт тасарсан эсэхийг шалгах юм.
Мөн iPhone болон Apple Watch тодорхой хугацааны турш дахин холбогдож чадахгүй байвал энэ нь төхөөрөмж эзэмшигчээсээ холдсон байж болзошгүй нэмэлт шинж тэмдэг болох аж.
Эдгээр нөхцөл давхацсан тохиолдолд iPhone автоматаар түгжигдэх боломжтой гэж 9to5Mac мэдээлжээ.
Санамсаргүй түгжигдэхээс хамгаалах систем давхар ажиллана
Apple шинэ хамгаалалт нэвтрүүлэхдээ хэрэглэгчийн утас энгийн нөхцөлд санамсаргүйгээр түгжигдэх эрсдэлийг багасгахад мөн анхаарч байгаа аж.
Жишээлбэл Face ID эсвэл Touch ID зэрэг биометрийн баталгаажуулалт саяхан амжилттай хийгдсэн эсэхийг систем тооцож болно.
Түүнчлэн төхөөрөмж эзэмшигчийн байнга очдог, танил байршилд байгаа эсэх, тухайн үед нээлттэй байгаа апп дээр идэвхтэй үйлдэл хийж байгаа эсэх зэрэг нөхцөлийг харгалзан үзэх боломжтой.
Ингэснээр утас хурдан хөдөлсөн бүрд түгжигдэх бус, бодитоор булаалт болсон байх магадлал өндөр үед л хамгаалалт идэвхжихээр төлөвлөж байгаа бололтой.
Apple одоогоор албан ёсоор зарлаагүй байна
“AutoLock” нэртэй энэхүү функцийн талаар Apple өөрөө одоогоор албан ёсны мэдээлэл өгөөгүй байна.
Тиймээс эцсийн нэр, ажиллах зарчим, ямар iPhone загваруудад нэвтрэх болон iOS-ийн аль хувилбарт багтах нь тодорхой болоогүй хэвээр байна.
Хэрэв уг систем бодитоор нэвтэрвэл түгжээг нь тайлсан утсыг гудамж, нийтийн тээвэр зэрэг орчинд булаан авсан үед хувийн мэдээлэлд нэвтрэх эрсдэлийг богино хугацаанд бууруулах нэмэлт хамгаалалт болж болох юм.