Ирэх сараас зам ашигласны төлбөр огцом нэмэгдэнэ

Засгийн газрын шинэ тогтоол хэрэгжиж эхэлнэ

Олон улсын чанартай авто зам ашигласны төлбөр ирэх сараас шинэ тарифаар тооцогдохоор болжээ. Холбогдох албаныхны мэдээлснээр авто замын чанар, аюулгүй байдлыг хангах, засвар арчлалт, шинэчлэлийн ажлыг тогтвортой хийхэд зам ашигласны төлбөрийн хуримтлал чухал үүрэгтэй байна.

Иймээс 2026 оны долоодугаар сарын 1-ний өдрийн Засгийн газрын 273 дугаар тогтоолоор олон улсын чанартай авто замын байгууламж ашигласны төлбөрийн хэмжээг шинэчлэн баталжээ.

Суудлын автомашины төлбөр 5000 төгрөг болно

Шинэчилсэн зохицуулалтаар суудлын автомашины зам ашигласны төлбөр тав дахин нэмэгдэж, 5000 төгрөг болох юм байна.

Харин том оврын автомашины төлбөр хоёр дахин өсөж, 20 мянган төгрөгөөр тогтоогдохоор болжээ. Мөн тээврийн хэрэгслийн ангиллаас хамааран төлбөрийг 2-3 дахин нэмэгдүүлэх шийдвэр гарсан байна.

Замын чиглэл, уртыг шинэчилжээ

Тогтоолын хүрээнд олон улсын чанартай авто замын чиглэл, төлбөр авах замын чиглэл болон замын уртыг мөн шинэчлэн тогтоосон байна.

Энэхүү шинэ журам ирэх сарын 1-нээс хэрэгжиж эхлэх бөгөөд жолооч, тээвэр эрхлэгчид зам ашигласны төлбөрөө шинэ тарифаар төлөх шаардлагатай болно.

Төлбөр төлөх системийг цахимжуулж байна

Сүүлийн жилүүдэд зам ашигласны төлбөр хураах системийг илүү хялбар, цахим хэлбэрт шилжүүлэх ажил хийгдэж байгаа аж.

Ингэснээр иргэд заавал биеэр очиж төлбөр тушаах шаардлагагүй болж, цахим систем болон аппликейшн ашиглан төлбөрөө төлөх боломж бүрджээ.

RFID технологи нэвтрүүлнэ

Цаашид RFID технологид суурилсан ухаалаг систем нэвтрүүлэхээр төлөвлөж байна. Энэ нь зам ашигласны төлбөрөө хугацаанд нь төлөөгүй тээврийн хэрэгслийг хянах, бүртгэх, хариуцлага тооцох ажиллагааг илүү боловсронгуй болгох зорилготой юм.

Ийнхүү ирэх сараас хэрэгжих шинэ тариф жолооч нарт шууд нөлөөлөхөөр байгаа ч авто замын засвар, арчлалт, аюулгүй байдлыг сайжруулах санхүүжилтийг нэмэгдүүлэх үндэслэлтэй гэж албаныхан тайлбарлаж байна.

Сүүлийн мэдээ
Холбоотой мэдээ

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу