Израилийн арми өнөө өглөө буюу 2026 оны зургаадугаар сарын 8-нд Ираны пуужингийн цохилтын хариуд тус улсын төв болон баруун хэсэгт цохилт өглөө. Ираны төрийн телевизийн мэдээлснээр дэлбэрэлтийн чимээ Исфахан, Караж, Табриз, Тегеран хотуудад сонсогдсон байна. Агаарын цохилтын улмаас Тегераны Имам Хомейни олон улсын нисэх буудлын ойролцоох агаарын орон зайг хаагаад байгаа аж. Одоогоор ямар байгууламжууд цохилтод өртсөн, хохирлын хэмжээ ямар байгаа талаар мэдээлэл гараагүй байна.
Израилийн цэргийнхэн цохилт өгсний дараа богино мэдэгдэл хийжээ. Уг мэдэгдэлд “Дөнгөж саяхан Израилийн агаарын хүчин Ираны төв болон баруун хэсэгт орших цэргийн байнуудыг онилж цохилт өглөө” гэсэн ч өөр дэлгэрэнгүй мэдээлэл өгөөгүй байна.
Цагаан ордноос одоогоор ямар нэгэн мэдэгдэл хийгээгүй тул уг цохилтод АНУ холбоотой эсэх нь тодорхойгүй хэвээр байна.
Израиль болон Ливаны Хезболла бүлэглэлийн хоорондын мөргөлдөөний улмаас сүүлийн өдрүүдэд АНУ, Ираны энхийн хэлэлцээ зогсонги байдалд оржээ. Израилийн арми одоогоор өмнөд Ливанд байрлаж байгаа тул дайн улам өргөжиж болзошгүй гэж улс орнууд болгоомжилж байна. Хамгийн сүүлд Ням гаригт буюу 2026 оны зургаадугаар сарын 7-нд Израилийн арми Бейрутын өмнөд хэсэгт цохилт өгсөн байна.
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп “Fox News”-т өгсөн ярилцлагадаа “Иранчуудыг пуужин харвахаа болиод, хэлэлцээрийн ширээнд суугаасай гэж хүсч байна. Мөн Израилийн Ливанд өгсөн сүүлийн цохилтод АНУ хамаагүй. Би бол үүнд таагүй хандаж байна” гэжээ. Эх сурвалжийн мэдээлснээр Трамп Израилийн Ерөнхий сайд Беньямин Нетаньяху руу утсаар ярьж, Ираны цохилтод хариу өгөхгүй хүлээзнэхийг хүссэн аж.
Эх сурвалж: CNN