Карл Лагерфельдийн муур гэрээслэлээр үлдээсэн өв хөрөнгөө авч чадаагүй

“Chanel”-ийн домогт загвар зохион бүтээгч Карл Лагерфельд 2019 онд таалал төгссөн билээ. Тухайн үед түүний олон сая фунт стерлингээр үнэлэгдэх өв хөрөнгөнөөс Шупетт нэртэй муур нь өвлөж авч магадгүй гэх мэдээлэл гарч, олон нийтийн анхаарлыг татаж байв. Цасан цагаан Шупеттийн өвлөх хөрөнгийг 150 сая фунт стерлинг хүрч болзошгүй гэж таамаглаж байсан юм. Мөн Карл Лагерфельд гэрээслэлээсээ тусад нь Шупеттэд 1.5 сая фунт стерлинг үлдээсэн гэх яриа ч гарч байжээ.

Хэрэв эдгээр мэдээлэл үнэн байсан бол Шупетт насан туршдаа тансаг амьдралаар амьдрах ёстой байв. Гэвч дэлхийн хамгийн баян муур хэмээн нэрлэгдэж ирсэн Шупетт бодит байдал дээр ямар ч өв хөрөнгө авч чадаагүй байх магадлалтай байна.

Бирман үүлдрийн Шупетт муурыг загвар зохион бүтээгчийн гэрийн үйлчлэгч Франсуаз Какотегийн асрамжид үлдээсэн аж. Тэрбээр өмнө нь ч Шупеттийн хамгийн ойрын асран хамгаалагч, өдөр тутмын тэмдэглэл хөтлөгч, халамжлагч нь байсан байна.

Гэвч Франсуаз Какоте саяхан хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Шупетт мууранд өвлүүлнэ гэж хэвлэлээр цуурч байсан мөнгөнөөс юу ч оногдоогүй. Карлын хүслийг зохих ёсоор нь хүндэтгэж, өв хөрөнгийг миний нэр дээр шийдвэрлүүлэхийн тулд би өндөр үнээр хуульчид хөлслөхөөс өөр аргагүй болсон. Би түүний хүслийг биелүүлэхийн төлөө бүхнийг хийж байгаа. Ялангуяа Шупетт юугаар ч дутах ёсгүй гэсэн хүслийг нь биелүүлэхээр хичээж байна. Энэ бол миний эн тэргүүний зорилго. Би түүнийг асарч, тэжээхийн тулд хагас цагаар ажилладаг. Шупетт хэрэгтэй бүх хайр халамж, анхаарал, асаргааг авч байгаа. Хамгийн чухал нь тэр аз жаргалтай байж, хайр энэрлээр хүрээлэгдэж, Карлын хүссэнээр хамгаалагдсан байх ёстой. Энэ асуудал нэг л өдөр тайван замаар шийдэгдэнэ гэж бид найдаж байна. Намайг хүмүүс шүүмжлэх вий гэж би айдаг. Гэхдээ Шупетт гэртээ аз жаргалтай байгаа гэдгийг л би хэлэх байна. Энэ л хамгийн чухал” гэжээ.

Шупетт 2011 оны наймдугаар сараас хойш Карлын амьдралын салшгүй хэсэг болсон байдаг. Анх энэ муур загвар өмсөгч Баптист Жиабиконигийнх байжээ. Жиабикони аяллаар явахдаа муурыг нь түр харж байхыг Карлаас хүссэнээр Шупеттийн амьдрал өөрчлөгдсөн гэдэг. Учир нь эзнийг нь аялалд явсан хугацаанд Карл Шупеттэд салж чадахааргүй их хайртай болсон байна.

Карл 2013 онд өгсөн нэгэн ярилцлагадаа “Хэрвээ хууль нь байсан бол мууртайгаа гэрлэх байсан” гэж хүртэл хэлж байжээ.

Өдгөө Шупеттийг 14 настай гэж үзэж байна. Бирман үүлдрийн муур дунджаар 12-16 насалдаг ч сайн асаргаа, чанартай хоол тэжээлтэй тохиолдолд 15-20 жил амьдрах боломжтой ажээ.

Сүүлийн мэдээ
Холбоотой мэдээ

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу