Казахстан, Монголын хамтарсан том шийдвэр: авто замын шинэ гарц бодит ажил болж эхэллээ

Төрийн айлчлалын үеэр 12 баримт бичигт гарын үсэг зурлаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Казахстан Улсад хийж буй төрийн айлчлал үргэлжилж байна.

Айлчлалын хүрээнд Казахстаны Ерөнхийлөгч Касым-Жомарт Кемелевич Токаев Монголын төлөөлөгчдийг “Акорда” ерөнхийлөгчийн ордондоо хүлээн авч уулзжээ. Үүний дараа хоёр улсын төрийн тэргүүн ганцаарчилсан уулзалт хийж, Засгийн газар болон байгууллага хоорондын нийт 12 баримт бичигт гарын үсэг зурсан байна.

Үүний дараа талууд хэвлэл мэдээллийн байгууллагуудын төлөөлөлд мэдээлэл өгсөн бөгөөд энэ үеэр Казахстаны Ерөнхийлөгч хамтын ажиллагааны өнөөгийн байдал, цаашид хэрэгжүүлэхээр тохирсон ажлуудын талаар дараах мэдэгдлийг хийжээ.

Токаев: хоёр улсын түүх, уламжлал ойр гэдгийг онцлов

Касым-Жомарт Кемелевич Токаев: Бидний түүх язгуур нийтлэг. Бид нүүдэлчний соёл ба эсгий гэр соёлын өв залгамжлагчид. Бидний аж байдал, оюун санаа, амьдралын хэв маяг, ёс уламжлал ижил төстэй.

Тиймээс бид үргэлж санаа нэг байж, гаргасан амжилтдаа баярлах учиртай. Сүүлийн жилүүдэд харилцаа, хамтын ажиллагаа эрчимтэй хөгжиж байна.

Жил гаруйхны өмнө би Монгол Улсад төрийн айлчлал хийсэн. Эрхэмсэг ноён У.Хүрэлсүх таны болон Монголын ард түмний элгэмсэг, халуун дотно сэтгэлийг би үргэлж баяртайгаар санан дурсаж байх болно.

Айлчлалын үеэр “Стратегийн түншлэл” тогтоох тухай баримт бичигт гарын үсэг зурсан. Энэ нь мянган жилийн түүхтэй нөхөрлөлийн маань чухал бөгөөд түүхэн бичиг баримт юм.

Өдгөө хоёр орны Парламент болон төрийн яамд нягт холбоотой байгаагийн зэрэгцээ Засгийн газар хоорондын комисс, Бизнесийн зөвлөл амжилттай ажиллаж байна.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн төрийн айлчлал эдгээр хамтын ажиллагааг улам бэхжүүлэх нь гарцаагүй юм.

Улс төр, эдийн засаг, хүмүүнлэгийн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлнэ

Бид олон талт хамтын ажиллагааны бүхий л чиглэлд баялаг агуулгаар үр дүнтэй хэлэлцээр хийлээ. Улс төр, эдийн засаг, соёл, хүмүүнлэг болон бусад салбарт хамтын ажиллагаагаа улам ахиулахаар тохирлоо.

Тухайлбал Монгол Улсын Баян-Өлгий аймагт Казахстаны Консулын хэлтэс нээх тухай шийдвэрт хүрлээ. Бид ахан дүүс түүхэн язгууртай орнуудын маань стратегийн түншлэлд түшиглэсэн чухал алхам гэж үзэж байна. Бид уг шийдвэрийг өндөр дээдээр үнэлж байна.

Энэ удаагийн айлчлалаар хэдэн хэдэн чухал баримт бичигт гарын үсэг зурсан нь харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд чухал хувь нэмэр оруулна.

Худалдааны эргэлтийг 500 сая ам.долларт хүргэх зорилт тавив

Өнгөрсөн онд хоёр улсын худалдааны эргэлт 130 сая ам.доллароос давж, 7.7 хувийн өсөлт үзүүлжээ. Гэсэн ч хоёр улсын эдийн засгийн боломжийг харгалзан үзвэл цаашид энэ үзүүлэлтийг илүү өндөр түвшинд хүргэх нөөц хангалттай байгаа гэж талууд үзэж байна.

Ирэх жилүүдэд худалдааны эргэлтийг 500 сая ам.долларт хүргэх зорилт дэвшүүлжээ. Үүний тулд бараа бүтээгдэхүүний нэр төрлийг нэмэгдүүлэх, эдийн засгийн хамтын ажиллагаанд саад болж буй хүндрэлүүдийг аль болох бууруулах шаардлагатай гэж үзсэн байна.

Мөн Казахстан болон Монгол Улс “Евроазийн эдийн засгийн холбоо хоорондын чөлөөт худалдааны түр хэлэлцээр”-ийг баталсан нь хоёр улсын харилцааг өргөтгөх шинэ боломж нээж буйг онцоллоо.

Авто зам барих асуудлаар хамтын шийдэлд хүрэв

Цаашид агаарын тээвэр болон зам, тээврийн асуудалд онцгой анхаарах шаардлагатай гэж талууд үзжээ. Үүний хүрээнд авто зам байгуулж, тээврийн илүү дөт гарц нээх нь зүйтэй гэсэн хамтын шийдэлд хүрсэн байна.

Энэ асуудлыг богино хугацаанд бүрэн шийдвэрлэхэд хүндрэлтэй ч хоёр улс нэг зорилгын төлөө ажиллаж байгаагийн тод илэрхийлэл гэж Казахстаны тал онцолсон. Мөн энэ чиглэлээр хоёр улсын Засгийн газрын хамтарсан ажлын хэсэг байгуулахаар тохиролцжээ.

Казахстан, Монголын хооронд авто замын асуудлыг шийдвэрлэж чадвал худалдааны эргэлтийг тэлэхээс гадна цаашлаад бусад улс оронтой холбогдох шинэ боломжууд ч нээгдэнэ гэж үзэж байна. Ялангуяа энэ нь худалдааны урсгалд хүчтэй шинэ түлхэц өгөх ач холбогдолтой гэж тодорхойлов.

“Алтай дамнасан хэлэлцээр” санаачилга дахин хөндөгдөв

Өнгөрсөн жил дэвшүүлсэн “Алтай дамнасан хэлэлцээр” санаачилгаа Касым-Жомарт Токаев дахин дурдсан байна. Алтайн бүсийг тойрсон дөрвөн улс худалдаа, тээвэр логистик, аялал жуулчлалын чиглэлд нэгдсэн байр суурьтай хамтран ажиллах нь асар их боломж авчирна гэж тэр үзэж байна.

Түүний хэлснээр ийм хамтын ажиллагаа нь Алтайн бүсийн аялал жуулчлалыг кластер хэлбэрээр хөгжүүлэх суурь нөхцөл бүрдүүлэх юм.

Шууд нислэгүүд сэргэж, шинэ чиглэл нээгдэнэ

Алматы-Улаанбаатар чиглэлийн шууд нислэг хэдийнэ үйлдэгдэж байгаа бол удахгүй Астана-Улаанбаатар чиглэлийн нислэгийг сэргээхээр болсон байна. Үүнээс гадна Өскемен-Өлгий чиглэлд шинэ нислэг нээх тухай түүхэн ач холбогдолтой шийдвэрт хүрснийг онцоллоо.

Энэ нь бүс нутгийн цаашдын хөгжилд бодит хувь нэмэр оруулна гэдэгт Казахстаны тал итгэлтэй байгаагаа илэрхийлсэн байна. Мөн ийм шийдвэрт хүрэхэд нөлөөлсөн Монголын Ерөнхийлөгч, ард түмэн болон холбогдох байгууллагуудад талархал илэрхийлжээ.

Геологи, вакцин, сансрын ажиглалтын системд хамтрах боломжтой

Хоёр орны хувьд байгалийн баялаг арвин бөгөөд геологийн эрэл хайгуул, газрын хэвлийг ашиглах чиглэлээр тодорхой туршлага хуримтлуулсан улс гэдгийг Казахстаны Ерөнхийлөгч онцолсон байна. Энэ хүрээнд Казахстаны туршлагыг цаашдын хамтын ажиллагаанд тусган хэрэгжүүлэх бүрэн боломжтой гэж үзжээ.

Түүнчлэн Казахстан улсад мал, малын өвчний эсрэг вакцин үйлдвэрлэлийн чиглэл хөгжсөн бөгөөд энэ салбарт хамтарсан үйлдвэр байгуулахад бэлэн байгаагаа илэрхийлсэн байна.

Мөн Монгол Улсын дэлхийг сансраас ажиглах систем байгуулах санаачилгад дэмжлэг үзүүлэх боломжтой гэж мэдэгдсэн. Казахстан цахим хөгжлийг стратегийн ач холбогдолтой салбар хэмээн үздэг тул энэ чиглэлээр ч хамтын ажиллагааг өргөжүүлэх боломжтой гэж тэмдэглэв.

Боловсрол, соёл, хот хоорондын хамтын ажиллагааг нэмэгдүүлнэ

Соёл, хүмүүнлэгийн салбарт ч хамтын ажиллагааг өргөжүүлэх сонирхол хоёр талд байгааг Казахстаны тал илэрхийллээ. Тухайлбал, Астанад болсон “Silk Way Star” олон улсын шоунд Монголын дуучин Мишээл тэргүүн байр эзэлсэн нь тэдэнд онцгой халуун сэтгэгдэл төрүүлснийг дурдсан байна.

Ийм төрлийн төсөл, хөтөлбөрүүд нь хоёр улсын оюун санаа, соёл, хүмүүнлэгийн хамтын ажиллагааг цаашид улам бэхжүүлэх түлхэц болно гэж үзжээ.

Казахстан улс Монголд жил бүр сургалтын тэтгэлэг олгодог бөгөөд цаашид энэ тоог нэмэгдүүлж, Монголд шаардлагатай боловсон хүчнийг бэлтгэхэд илүү идэвхтэй хамтрахад бэлэн байгаагаа мэдэгдсэн байна. Энэ жил Монголд “Study in Kazakhstan” боловсролын үзэсгэлэн зохион байгуулахаар төлөвлөж байгаа бөгөөд мөн Казахстаны их сургуулийн салбар нээх асуудлыг ч санал болгожээ.

Үүнээс гадна хоёр улсын хотуудын хооронд ах дүүгийн харилцаа тогтоож, энэ шугамаар хамтын ажиллагааг өргөжүүлэхээр тохиролцсон байна. Энэ нь нөхөрсөг харилцааг улам гүнзгийрүүлж, худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг бэхжүүлэх шинэ гарц болно гэж үзэж байна.

Сүүлийн мэдээ
Холбоотой мэдээ

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу