Киев хотын ойролцоо байрладаг Украины зэвсэг хадгалах агуулах Оросын нисгэгчгүй онгоцны цохилтод өртсөний улмаас 37 хүн амиа алдаж, ойролцоох суурьшлын бүсээс 400 орчим иргэнийг нүүлгэн шилжүүлсэн байна.
Баасан гарагийн орой болсон уг халдлагын дараа агуулахад байсан сум, мина, нисгэгчгүй онгоцнууд дэлбэрчээ. Дэлбэрэлтийн улмаас ойр орчмын барилга байгууламжууд, тэр дундаа ахмад настан болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн асрамжийн газар хохирол амссан талаар Украины ерөнхийлөгч Володимир Зеленский мэдээлсэн байна.
Зеленский сум хэрэгслийн агуулах иргэдийн суурьшлын бүсэд байрлах ёсгүй байсан гэж мэдэгдээд, ийм шийдвэр гаргасан хүмүүст хуулийн хариуцлага тооцохоор мөрдөн шалгах ажиллагаа эхэлснийг хэлжээ.
Энэ нь сүүлийн саруудад Украины зэвсгийн агуулах Оросын агаарын цохилтод өртсөн хоёр дахь тохиолдол болж байна.
Орон нутгийн засаг захиргааны тэргүүн Тимур Ткаченко дэлбэрэлтийн үеэр 42 хүн шархадсаны дөрөв нь хүүхэд байсан гэж мэдээлжээ. Мөн дэлбэрэлт Мила тосгоны 130 орчим айлын орон сууцанд эвдрэл, гэмтэл учруулсан байна.
ОХУ-ын Батлан хамгаалах яамны мэдээлснээр, Оросын зэвсэгт хүчин Киев хотын баруун талд орших Мила тосгон дахь “FP-1/FP-2 холын тусгалын нисгэгчгүй онгоцны эд анги, харвагч” хадгалдаг “зэвсгийн агуулах”-д цохилт өгсөн гэж мэдэгджээ.
Өмнө нь долдугаар сард Вишнево дахь зэвсгийн агуулах мөн Оросын цохилтод өртөж, үүссэн хоёрдогч дэлбэрэлтийн улмаас есөн хүн амиа алдаж, хэдэн арван хүн шархадсан юм. Тухайн үед 280 гаруй айлын орон байр эвдэрч гэмтсэн байна.
Ийм дараалсан халдлагуудын дараа “яагаад зэр зэвсгийн агуулахыг иргэдийн амьдардаг бүсэд ойрхон байгуулсан бэ” гэсэн асуулт дахин хөндөгдөж байна.
Украины ерөнхий сайд Сергей Корецкий Вишневогийн хэрэг явдлаас сургамж аваагүй албан тушаалтнуудыг шүүмжилж, харамсаж буйгаа илэрхийлжээ.
“Тав дахь жилдээ үргэлжилж буй эзлэн түрэмгийлэх дайны турш дахин дахин алдаа гаргаж байгаа нь хайхрамжгүй байдлаас үүдэлтэй гэмт хэрэг юм. Ийм алдааг дахин давтуулахгүйн тулд хариуцсан бүх албан тушаалтнууд ямар ч эргэлзээгүйгээр хатуу шийтгэл хүлээх ёстой” гэж тэр Телеграм хуудсандаа бичсэн байна.
Үүнээс гадна сүүлийн нэг хоногийн хугацаанд Украины бүс нутгуудад Оросын хийсэн агаарын цохилтын улмаас нийт таван хүн амиа алдсан талаар Киевийн эрх баригчид бямба гарагт мэдээлжээ.
Сүүлийн саруудад дайтагч талууд бие биеийнхээ нутаг дэвсгэрт өгөх агаарын цохилтоо улам эрчимжүүлээд байна.
Оросын Белгород болон Ростов мужуудад сүүлийн 24 цагийн дотор Украины нисгэгчгүй онгоцнууд халдсаны улмаас хоёр хүн амиа алдаж, 25 хүн шархадсан гэж бүс нутгийн эрх баригчид бямба гарагт мэдээлжээ.
Мөн Оросын хяналтад байгаа Запорожье мужийн худалдааны төвд халдлага гарч, дөрвөн хүн амь үрэгдсэн талаар Москвагаас томилогдсон захирагч мэдэгдсэн байна.
Оросын хоёр дахь том онлайн худалдааны компани Ozon өнгөрсөн шөнө нэг агуулах нь Украины цохилтод өртсөн, мөн өөр нэг ложистикийн төвийн үйл ажиллагааг зогсоож, ажилчдаа нүүлгэн шилжүүлсэн гэдгээ баталжээ.
Тус компанийн Краснодар, Дагестан, Ставрополь, Адыгей дахь ложистикийн төвүүд энэ долоо хоногийн эхээр Украины цохилтод өртсөн байна.