“Улаанбаатар марафон 2026” олон улсын гүйлтийн тэмцээнд түрүүлсэн Кенийн тамирчин Серой Андерсон Сайтотигийн сорьцоос допингийн ангилалд багтдаг хориотой бодис илэрсэн талаар Монголын үндэсний допингийн эсрэг байгууллага мэдээлжээ.
Тамирчнаас энэ оны тавдугаар сарын 23-нд буюу 42 км-ийн уралдаанд түрүүлснийх нь дараа шинжилгээ авсан байна. Хяналтын сорьцыг лабораторид шинжлэхэд триметазидин илэрсэн гэж мэдээлжээ.
Триметазидин нь Дэлхийн допингийн эсрэг агентлагийн хориглосон бодисын жагсаалтын S4.4 ангилалд багтдаг бөгөөд тэмцээний үеэр болон тэмцээнтэй холбоотой хугацаанд хэрэглэхийг хориглодог бодис юм.
42 км-ийн зайг 2:17.38 цагт туулж түрүүлсэн
Серой Андерсон Сайтоти “Улаанбаатар марафон”-д өмнө нь гурван удаа түрүүлж байсан туршлагатай тамирчин аж.
Энэ жилийн тэмцээнд тэрээр бүтэн марафоны 42 км-ийн зайг 2 цаг 17 минут 38 секундэд туулж, тэргүүн байр эзэлсэн байна.
33 настай Кенийн тамирчин Улаанбаатарын марафоноос гадна Венец, Кучинг, Чунчин болон Хонконгийн марафонд түрүүлж байсан амжилттай гэж эх сурвалж мэдээлжээ.
Шинжилгээний дүн нь зөрчил эцэслэн тогтоогдсоныг шууд илэрхийлэхгүй
Монголын үндэсний допингийн эсрэг байгууллагаас онцолсноор шинжилгээгээр хориотой бодис илэрсэн нь дангаараа Допингийн эсрэг дүрэм зөрчсөн гэж эцэслэн үзэх үндэслэл болохгүй байна.
Тамирчин тухайн үр дүнтэй холбоотой тайлбар гаргах, Б сорьцоо шинжлүүлэх хүсэлт тавих, мөн үр дүнгийн удирдлагын ажиллагаанд оролцох эрхтэй хэвээр байгаа юм.
Иймээс Серой Андерсон Сайтотигийн тэмцээний үр дүн, цол байр болон цаашдын шийдвэр хэрхэн гарах нь допингийн эсрэг журмын дараагийн шатны ажиллагаанаас хамаарах аж.
Ийм зүйл гарсанд үнэхээр урам хугарч байна