Мэргэжлийн сүмогийн тавдугаар сарын тэмцээн комүсүби Вакатакакагэгийн түрүүгээр өндөрлөлөө. 31 настай япон бөх энэ удаагийн башёг 12 даваа, гурван унаатай дуусгаж, дээд зиндаанд хоёр дахь удаагаа түрүүлэв.
Вакатакакагэ өмнө нь 2022 оны Хаврын тэмцээнд түрүүлж байсан бөгөөд энэ удаа дахин аваргын төлөөх өрсөлдөөнд ялалт байгууллаа.
Сүүлийн өдөр хүртэл озеки Киришима Б.Лхагвасүрэн тэргүүлж байсан. Тэрээр мөн 12 даваа, гурван унаатай болж, Вакатакакагэтэй нэмэлт барилдаан хийсэн ч өрсөлдөгчөө давж чадсангүй.
Гэсэн ч Сүмогийн холбооноос Киришима дараагийн тэмцээнд түрүүлбэл ёкозүна цолны болзол сонсох боломжтойг мэдэгдсэн байна.
Доод зиндаанд монгол бөх түрүүлэв
Жүрюү зиндаанд 24 настай Казүма 12 даваа, гурван унаатайгаар түрүүлжээ. Харин сандаммэ зиндаанд Асахифүжи Б.Очирсайхан 7:0 амжилтаар түрүүлсэн байна.
Б.Очирсайхан мэргэжлийн сүмод орсноосоо хойш нэг ч уналгүй 21 дараалан давж, доод гурван зиндаанд дараалан түрүүлээд байна. Энэ нь түүний сүмо дахь замналын онцгой эхлэл болж байна.
Дайчин барилдааны шагналыг Ёшинофүжи, Хакүнофүжи нар хүртсэн бол техниктэй бөхийн шагналыг комүсүби Вакатакакагэ хүртжээ.
Тамаваши жүрюү рүү унах нь тодорхой болов
Дээд зиндааны хамгийн ахмад бөх Тамаваши Б.Мөнх-Оргил энэ сарын тэмцээнд ердөө хоёр даваа авсан байна. Ингэснээр түүний жүрюү зиндаа руу унах нь тодорхой болжээ.
Гэсэн ч Б.Мөнх-Оргил зодог тайлах бодолгүй байгаагаа сэтгүүлчдэд хэлсэн байна.