Л.Насанбуян шүүхийн маргаанаа дуусгажээ: “Шүгэл үлээсэн” тэмцлийн дараа шинэ зам эхэлж байна

2 жил 7 сар үргэлжилсэн маргаан өндөрлөв

Дуучин Л.Насанбуян 2 жил 7 сарын турш үргэлжилсэн шүүхийн маргаандаа ялалт байгуулснаа олон нийтэд мэдэгдлээ. Тэрээр өөрийн эрх ашгийн төлөө дуугарч, шүгэл үлээсэн энэ хугацаа сэтгэл санаа, цаг хугацаа, уран бүтээлийн хувьд маш хүнд байсан тухайгаа цахим хуудсаараа хуваалцсан байна.

Шүүхийн процесс дууссан тул тэрээр одоо албан ёсоор ажлаас гарах өргөдлөө өөрөө бичиж, халагдахаар болжээ.

“Хуулийн дагуу ялж дуусав”

Л.Насанбуян өнгөрсөн хугацаанд өөрт нь тохиолдсон бэрхшээл, сэтгэлзүйн дарамт, тайзаа орхиход хүрсэн хүнд үеийн талаар нээлттэй бичсэн байна.

Тэрбээр:

“Ингээд 2 жил 7 сар шүүхийн байгууллагаар явсны эцэст цагаан цаасан дээр хараар бичсэн хуулийн дагуу ялж дуусав. Энэ хугацаанд сэтгэл санаа, цаг хугацаа, урам зориг, хар бага наснаасаа тэгтлээ их хичээсэн хүсэж мөрөөдсөн тайзаа орхиж, ажилгүй болж, сэтгэл санаагаар унаж, уйлж, хямарч, уран бүтээлээ хийх даль жигүүрээ хүртэл тас цавчуулж, хайрт ээжийгээ ч бурхны оронд одуулсан аймшигт он жилүүд байлаа.

Нэгэнт эхлүүлсэн бол дуусгах ёстой учраас шүд зуун бүхнийг тэвчсэн. Маш олон охид, эмэгтэйчүүдэд үүнээс хойш, түүнээс цааш өөрсдийн эрх ашгийн төлөө дуугарах урам зориг өгч, маш том цонхыг хагалж өглөө гэж бодож байна.

Цаашдаа охид эмэгтэйчүүд минь өөрсдийн эрх ашгийн төлөө дуугардаг байгаасай. Нотлох баримт цуглуулдаг байгаасай, миний мэдэрсэн шиг зүйлийг битгий мэдрээсэй гэж хүссэн үүднээс ийнхүү шүгэл үлээсэн юм.

Одоо албан ёсоор ажлаас халагдах өргөдлөө өөрөө бичиж халагдах болно. Ингээд жинхэнэ утгаараа хувиараа уран бүтээлч, бизнес эрхлэгч эмэгтэй боллоо. Энэ хугацаанд сэтгэл санаагаар минь дэмжиж хамт байсан ойлгож хань болсон бүх хүмүүстээ чин сэтгэлийн гүнээсээ талархая.

Онцгойлон миний энэхүү кэйс дээр ажилласан хөдөлмөрийн хуульч М.Саранцацрал ( Hodolmoriin Huulich Sarah ) таньд маш их баярлалаа.

Нилээд гунигтай байгаа ч гэсэн үргэлжлүүлэн амьдрах болно. Чадах чинээгээрээ дуугаа, уран бүтээлээ хийх болно” гэжээ.

“Охид, эмэгтэйчүүд өөрсдийн эрх ашгийн төлөө дуугардаг байгаасай”

Түүний бичсэнээр, энэ тэмцэл зөвхөн өөрийнх нь асуудал байгаагүй. Харин цаашид охид, эмэгтэйчүүд эрхээ хамгаалж, дуугарч, шаардлагатай үед нотлох баримтаа бүрдүүлдэг байгаасай гэсэн хүсэлтэй холбоотой байжээ.

Л.Насанбуян өөрийн туулсан шиг хүнд зүйлийг бусад хүн битгий мэдрээсэй гэсэндээ энэ алхмыг хийсэн гэдгээ онцолсон байна.

Ажлаасаа гарч, хувиараа уран бүтээл хийнэ

Шүүхийн маргаан дууссан тул дуучин одоо өөрийн хүсэлтээр ажлаас гарах өргөдлөө өгөхөөр болжээ. Тэрээр цаашид хувиараа уран бүтээлч, бизнес эрхлэгчийн замаар ажиллахаа мэдэгдсэн байна.

Хэдийгээр гунигтай байгаа ч амьдралаа үргэлжлүүлж, боломжийнхоо хэрээр дуу, уран бүтээлээ хийхээ илэрхийлжээ.

Хүнд үед хамт байсан хүмүүстээ баярлав

Л.Насанбуян энэ хугацаанд сэтгэл санаагаар нь дэмжиж, ойлгож, хань болсон бүх хүнд талархал илэрхийлсэн байна. Мөн түүний хэрэг дээр ажилласан хөдөлмөрийн хуульч М.Саранцацралд онцгойлон баярласан юм.

Ийнхүү олон жил үргэлжилсэн маргаанаа дуусгасан тэрээр албан ажлаа орхиж, уран бүтээл болон хувийн бизнесийн шинэ үеийг эхлүүлэхээр болж байна.

Сүүлийн мэдээ
Холбоотой мэдээ

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу