Честер Беннингтон нас барснаас хойш Linkin Park-ийн гишүүд олон жилийн турш нэг асуултын өмнө зогссон. Тэд дахин тайзан дээр гарах уу, гарлаа гэхэд Честергүй Linkin Park урьдын хэвээр байж чадах уу гэсэн эргэлзээ хамтлагийн ирээдүйг тодорхойгүй болгож байв.
Энэ бүх хагацал, эргэлзээ, сэтгэлзүйн шарх болон дахин эхлэх зоригийг “Linkin Park: Unshatter” баримтат кино өгүүлэхээр болжээ. Кино нь хамтлагийн эргэн ирэлтийн ард өрнөсөн үйл явдлууд, шинэ хөгжмөө бүтээж эхэлсэн үеийн бичлэгүүд, гишүүдийн яриа, туршилтын дуунууд болон Emily Armstrong хэрхэн хамтлагт нэгдсэн түүхийг багтаах аж.
Linkin Park 1996 онд АНУ-ын Калифорни мужийн Agoura Hills хотод байгуулагдсан. Альтернатив металл, хип-хоп болон электрон хөгжмийг хослуулсан өвөрмөц хэв маяг нь тэднийг 2000-аад оны рок хөгжмийн өнгө төрхийг тодорхойлсон хамтлагуудын нэг болгосон юм.
2000 онд гаргасан “Hybrid Theory” цомог нь дэлхий даяар асар их амжилт олж, дараагийн “Meteora” цомог тэдний байр суурийг улам бататгасан. Mike Shinoda-гийн рэп болон Chester Bennington-ы хүчтэй, мэдрэмжтэй хоолойн хослол Linkin Park-ийн хамгийн танигдах онцлог болсон билээ.
Chester Bennington-ы дараах эргэлзээ
2017 онд Chester Bennington амиа хорлон нас барсны дараа хамтлагийн ирээдүй бүрхэг болсон. Асуудал зөвхөн түүний хоолойг хэн орлож чадах вэ гэдэгт байгаагүй. Харин Linkin Park цаашид үргэлжлэх ёстой юу гэсэн илүү том асуулт гишүүдийн өмнө тулгарчээ.
Mike Shinoda хамтлагийн ирээдүйг нэг хэвэнд оруулахыг хүсээгүй гэдгээ дурссан байна.
“Хэрэв бид дахин уран бүтээл хийхээр болбол заавал эрэгтэй дуучинтай байна гэж бодохыг хүсээгүй. Заавал Честер шиг дуулдаг хүн байх ёстой ч гэж хүсээгүй. Магадгүй олон дуучинтай аялан тоглолт хийж болох юм. Эсвэл Linkin Park биш, өөр нэртэй шинэ зүйл ч байж болох байсан. Би зүгээр л бүх боломжид нээлттэй байхыг хүссэн” гэж тэр ярьжээ.
2019 онд Shinoda Dead Sara хамтлагийн дуучин, үүсгэн байгуулагчдын нэг Emily Armstrong-той танилцсан байна. Тэр үеэс Armstrong бусад гишүүдтэй уулзах ёстой гэсэн бодол түүнд төржээ.
“Түүнийг хамтлагийнхантайгаа уулзуулах хэрэгтэй юм байна гэж бодсон. Тэр үнэхээр сонирхолтой хүн. Би түүний дуулдаг арга барилд дуртай байсан. Тэд заавал уулзах ёстой гэсэн дотоод мэдрэмж надад төрсөн” гэж Shinoda хэлсэн байна.
Emily Armstrong-ын хувьд амаргүй сорилт байв
Armstrong-ийн хувьд Linkin Park-д нэгдэх нь зөвхөн шинэ тайзан дээр гарах боломж биш байсан. Түүнд өмнөх дуучны үлдээсэн орон зай, фэнүүдийн асар өндөр хүлээлт болон хамтлагийн бусад гишүүдийн бүтээлч хэв маягтай зохицох шаардлага тулгарчээ.
“Бичлэгүүдийг үзэхэд би бодит байдлаасаа илүү өөртөө итгэлтэй харагдаж байсан. Миний толгойд маш олон зүйл эргэлдэж байсан. Ийм том хариуцлага хүлээж, өмнө нь ажиллаж байгаагүй хүмүүс, хамтлагтай зохицно гэдэг амаргүй. Дуугаа өөрөөр дуулж сурахаас эхлээд бусдын санал бодлыг сонсож, өөрчлөлтөд дасан зохицох шаардлагатай болсон” гэж Armstrong ярьжээ.
Тэр шинэ бүрэлдэхүүнээр эргэн ирэх нь том эрсдэл байсан гэдгийг ч хүлээн зөвшөөрсөн байна.
“Хүмүүс биднийг хэрхэн хүлээж авахыг мэдэхгүй байсан. Гэхдээ бид өөрсдөө үүнд дуртай гэдгээ мэдэж байсан” гэж Armstrong хэлжээ.
Харин хамтлагийн DJ, бүтээлч захирал Joe Hahn хөгжмөө дахин хамтдаа бүтээж эхэлсэн үйл явцыг сэтгэлийн шархаа анагаах нэг хэлбэр байсан гэж тодорхойлсон байна.
Гишүүд бие биедээ түшиг болж, эргэлзсэн үедээ урам өгч, алдаа гаргахаас айлгүй шинэ зүйл туршиж эхэлжээ. Энэ үйл явц эцэстээ Linkin Park-ийг шинэ үе рүү оруулсан байна.
2024 онд хамтлаг Emily Armstrong-ийг хамтран голлон дуулдаг шинэ гишүүнээр танилцуулж, “From Zero” цомгоо гарган дэлхийн аялан тоглолтоо эхлүүлсэн юм.
“Linkin Park: Unshatter” нь Chester Bennington-ыг орлуулах хүнийг хэрхэн олсон тухай кино биш. Харин түүний үлдээсэн өвийг хүндэтгэн, олон жилийн хагацал, эргэлзээний дараа хамтлаг хэрхэн дахин бүтээж, бие биедээ итгэж, өөрсдийн түүхийг үргэлжлүүлэх шийдвэрт хүрснийг харуулах бүтээл болох аж.