NBA-гийн зургаан удаагийн аварга Майкл Жорданы “Чикаго Буллз” багт сүүлийн улирлаа өнгөрүүлэхдээ өмсөж байсан өмсгөл дуудлага худалдаагаар 14 сая ам.доллароор зарагджээ. Ингэснээр сагсан бөмбөгтэй холбоотой дурсгалын эд зүйлсийн хамгийн өндөр үнийн шинэ дээд амжилт тогтоосон байна.
Уг өмсгөл нь Жорданы алдарт 1998 оны улиралтай шууд холбоотой гэдгээрээ онцлог. Тэрбээр NBA-гийн финалын цувралд “Юта Жазз”-тай хийсэн хоёр дахь тоглолтын үеэр энэхүү өмсгөлийг өмсөж байжээ.
Тэр тоглолтод Жордан 37 оноо авч, “Чикаго Буллз” 93:88-аар өрсөлдөгчөө буулган авсан байна. Улмаар баг финалын цувралыг 4:2-оор дуусгаж, NBA-гийн аваргын цомыг хүртсэн юм.
Гарын үсэгтэй өмсгөл спортын түүхэнд хоёрдугаарт бичигдэв
14 сая ам.доллароор борлуулагдсан өмсгөл дээр Майкл Жордан өөрийн гарын үсгийг зурсан байжээ. Түүхэн тоглолтод ашиглагдсан, гарын үсэгтэй байсан зэрэг нь үнэ өсөхөд голлон нөлөөлсөн байна.
Энэхүү борлуулалт сагсан бөмбөгтэй холбоотой эд зүйлсийн хувьд шинэ дээд амжилт болсон төдийгүй бүх спортын түүхэнд хамгийн өндөр үнээр зарагдсан өмсгөлүүдийн хоёрдугаарт бичигджээ.
Одоогоор нэгдүгээр байрыг Америкийн бейсболын домог Бэйб Рутийн өмсгөл эзэлдэг. Түүний өмсгөлийг 2024 онд дуудлага худалдаагаар 24.12 сая ам.доллароор борлуулж байсан юм.
Жорданы домогт замналын нэг хэсэг
Өдгөө 63 настай Майкл Жордан мэргэжлийн замналынхаа ихэнх хугацааг “Чикаго Буллз” багт өнгөрүүлсэн. Тэрээр 1984-1993, дараа нь 1995-1998 онд тус багийн бүрэлдэхүүнд тогложээ.
Жордан дараа нь 2001-2003 онд “Вашингтон Уизардс”-ын төлөө тоглосноор NBA дахь карьераа өндөрлүүлсэн байна.
Тэрээр NBA-гийн финалын хамгийн үнэ цэнтэй тоглогчоор зургаан удаа, улирлын MVP-ээр таван удаа шалгарсан бөгөөд АНУ-ын шигшээ багийн бүрэлдэхүүнд 1984, 1992 оны Олимпын наадмаас алтан медаль хүртэж байв.
1998 оны аваргын цуврал Жорданы “Чикаго Буллз”-тай байгуулсан домогт эрин үеийн төгсгөл болсон тул тухайн финалд өмссөн энэхүү хувцас сагсан бөмбөгийн түүхэн дурсгалын нэг болжээ. Одоо 14 сая ам.долларын үнээр борлуулагдсанаар түүний үнэ цэнэ дахин шинэ түвшинд хүрсэн байна.