Трамп гал зогсоох тохиролцоо зарласны дараахан Украины эрчим хүчний 6 байгууламж цохилтод өртжээ

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Орос, Украин хоёр эрчим хүчний салбарт гал зогсоох тохиролцоонд хүрсэн гэж мэдэгдсэнээс хэдхэн цагийн дараа Украины эрчим хүчний зургаан байгууламж Оросын агаарын цохилтод өртсөн талаар Украины Ерөнхийлөгч Володимир Зеленский мэдээлжээ.

Трамп Ням гарагт уг тохиролцоог зарлахдаа нэн даруй хэрэгжиж эхэлнэ гэж мэдэгдсэн юм.

Гэвч удалгүй Оросын агаарын цохилтын улмаас Украины хэд хэдэн бүсийн эрчим хүчний дэд бүтэц гэмтсэн тухай мэдээлэл гарчээ. Украины төрийн мэдлийн “Укринформ” агентлагийн мэдээлснээр Изюм хотод цахилгаан дамжуулах сүлжээ гэмтэж, цахилгаан хангамж тасарсан байна.

Баруун Украины зарим бүсэд ч шөнийн турш эрчим хүч болон төмөр замын дэд бүтэц агаарын цохилтод өртсөн гэж мэдээлжээ.

Зеленский: “Бид халдлага үйлдээгүй байхад Орос манай байгууламжуудад халдлаа”

Даваа гарагт ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров гал зогсоосноор бий болох “түр амсхийх боломжийг” Украин хүртэх эрхгүй гэсэн байр суурь илэрхийлжээ.

Украины эрчим хүчний байгууламжууд руу хийсэн довтолгооны улмаас улс даяар нийт 33 хүн шархадсан гэж Зеленский мэдээлсэн байна.

Тэрбээр Fox News сувагт өгсөн ярилцлагадаа:

“Бид халдлага үйлдээгүй байхад Орос улс манай хийн станцууд, эрчим хүчний дэд бүтэц болон бусад байгууламжуудад халдлаа” гэж хэлжээ.

Мөн:

“Үүнийг Путиний зүгээс ерөнхийлөгч Трампын мэдэгдэлд өгсөн хариулт гэж би бодож байна” гэж нэмж хэлсэн юм.

Трампын хувьд дэлхийн янз бүрийн бүсэд үргэлжилж буй мөргөлдөөнүүд АНУ-ын Конгрессын завсрын сонгуулийн өмнө шатахууны үнэд дарамт болж байна гэж үзэж байгаа аж.

Тэрбээр үүнтэй холбоотойгоор Баасан гарагт Оросын дизель түлшийг АНУ-ын зах зээлд импортлох төлөвлөгөөгөө зарласан байна.

Харьков, Донецк, Запорожьед цахилгаан тасарчээ

Украины төрийн өмчит эрчим хүчний сүлжээний оператор “Укрэнерго” Даваа гарагт мэдээлэхдээ Оросын довтолгооны улмаас эрчим хүчний тоног төхөөрөмж эвдэрч, Харьков, Донецк болон Запорожье мужуудад цахилгаан тасрах шинэ тохиолдлууд бүртгэгдсэн гэжээ.

Гэмтсэн тоног төхөөрөмжид хэт их ачаалал өгөхөөс урьдчилан сэргийлэхийн тулд Украины зарим бүс нутагт цахилгааны хэрэглээг түр хугацаанд хязгаарлаж эхэлсэн байна.

Зеленский уг халдлагуудыг Орос улс “эрчим хүчний салбарт гал зогсоох тохиролцоог хүлээн зөвшөөрөх сонирхолгүй” байгаагийн илрэл гэж сошиал хуудсандаа бичжээ.

Мөн Даваа гарагийн орой Киев хотын дарга Виталий Кличко Дарницкий дүүрэгт байрлах 25 давхар орон сууцны барилга дроны цохилтод өртсөн талаар Telegram сувгаараа мэдээлсэн байна.

Цохилтын дараа барилгын хашаанд байсан хэд хэдэн автомашин шатаж, нэг хүн амиа алдан, 11 хүн шархадсан гэж мэдээлжээ.

Ням гарагт Трамп гал зогсоох тохиролцоо байгуулсан тухай анх мэдэгдэхэд Зеленский энэ талаар өмнө нь мэдээлэл аваагүй, анх удаа сонсож байна гэсэн байр суурь илэрхийлж байв.

Харин Даваа гарагт сэтгүүлчид Трампаас энэ талаар асуухад:

“би зөвшөөр гэж тулгасан учраас” тэд зөвшөөрсөн гэж мэдэгдээд, дайныг яаралтай “шийдвэрлэх шаардлагатай” байгааг онцолжээ.

Тэрбээр мөн:

“Тоо баримтаас харвал энэ дайн бол жинхэнэ гамшиг” гэж хэлсэн байна.

Эрчим хүчний дэд бүтцийг онилсон халдлага нэмэгджээ

Орос, Украин хоёр улс олон сарын турш харилцан нэгнийхээ эрчим хүчний дэд бүтэц рүү довтолсоор байгаа бөгөөд өвлийн улирал ойртохын хэрээр халдлагын эрчим нэмэгдэж байгаа талаар эх сурвалжууд мэдээлж байна.

BBC Verify-ийн тооцоолсноор 2026 онд Оросын хяналтад буй газрын тос болон байгалийн хийн байгууламжуудад нийт 273 удаагийн цохилт бүртгэгджээ.

Энэ нь 2025 оны мөн үед бүртгэгдсэн 124 цохилттой харьцуулахад хоёр дахин өндөр үзүүлэлт байна.

Мөн Зэвсэгт мөргөлдөөний байршил, үйл явдлын мэдээллийн төсөл буюу ACLED-ийн цуглуулсан мэдээллээр энэ онд Украины эрчим хүчний сүлжээг чиглэсэн Оросын халдлагын тоо өмнөх оныхоос 2.4 дахин өссөн гэжээ.

Трамп Украиныг Оросын газрын тосны дэд бүтцэд цохилт өгөхөө зогсоохыг уриалж байгаа бөгөөд ингэснээр Москва АНУ болон дэлхийн зах зээлд дизель түлш нийлүүлэх тухай саяхан байгуулсан хэлэлцээрээ хэрэгжүүлэх боломжтой болно гэж үзэж байна.

Уг хэлэлцээрийг хэрэгжүүлэхийн тулд Оросын эрчим хүчний импортод тавьсан АНУ-ын зарим хориг арга хэмжээг түр хугацаагаар сулруулсан гэж мэдээлсэн байна.

Зеленский энэ алхмыг ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинд өгсөн “бэлэг” гэж тодорхойлжээ.

Их Британи, Франц, Канад болон Европын Холбоо Трампын дэвшүүлсэн эрчим хүчний салбарын гал зогсоох санаачилгыг зарчмын хувьд дэмжиж байгаагаа илэрхийлсэн ч бодит байдал дээр хэрэгжих эсэхэд болгоомжтой хандаж байна.

Европын Холбооны гадаад бодлогын тэргүүн Кая Каллас эрчим хүчний салбарын гал зогсоох тохиролцоо “хэрэгжиж эхэлбэл” талархан хүлээж авна гэж мэдэгджээ.

Эх сурвалж: BBC

Сүүлийн мэдээ
Холбоотой мэдээ

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу