Австралийн Qantas агаарын тээврийн компани онгоцны бүхээгээс бясаа илэрсний дараа Италиас Австрали руу хийх нислэгээ цуцалжээ.
Бямба гарагт Ромоос Перт рүү нисэхээр төлөвлөсөн уг нислэгийг өмнөх өдрийн урт аяллын дараа зорчигчдоос ирсэн гомдлын улмаас зогсоосон байна.
Sydney Morning Herald сонины мэдээлснээр Баасан гарагт Пертээс Ром хүртэл ойролцоогоор 17 цаг үргэлжилсэн нислэгийн үеэр хэд хэдэн зорчигч шавжид хазуулсан тухай нислэгийн багийнханд мэдэгджээ.
Загатнааг намдаахын тулд багийн гишүүд зорчигчдод харшлын эсрэг антигистамин эм өгсөн ч эмийн нөөц нь дууссан байна.
Boeing 787 Dreamliner онгоцыг түр ашиглалтаас гаргав
Qantas-ын хэвлэлийн төлөөлөгчийн мэдээлснээр асуудал илэрсэн Boeing 787 Dreamliner онгоцыг нарийвчилсан цэвэрлэгээнд оруулахын тулд түр ашиглалтаас гаргахаас өөр аргагүй болжээ.
Тус компанийн төлөөлөгч:
“Энгийн ангиллын цөөн тооны суудалд асуудал илэрсний дараа инженер, засвар үйлчилгээний баг онгоцонд нарийвчилсан цэвэрлэгээ хийх болсон тул Бямба гарагт Ромоос Перт рүү хийх нислэгийг цуцлахад хүрсэнд үйлчлүүлэгчдээсээ чин сэтгэлээсээ уучлалт хүсэж байна” гэжээ.
Нислэг цуцлагдсаны улмаас саатсан бүх зорчигчийг зочид буудалд байрлуулж, анхны нислэгийн цагаас хойш 48 цагийн дотор өөр нислэгт шилжүүлсэн гэж Qantas мэдээлсэн байна.
Бясаанаас салах нь амаргүй, өндөр зардалтай
Бясаа нь жижиг хэмжээтэй, далавчгүй шимэгч шавж бөгөөд хувцас, тавилга, ор дэрний хэрэгсэл зэрэгт нуугдан амьдрах чадвартай.
Мэргэжлийн байгууллагуудын тайлбарласнаар бясаанд хазуулах үед ихэвчлэн загатнаа үүсдэг ч эрүүл мэндэд ноцтой хүндрэл учруулах нь ховор байдаг аж.
Гэсэн хэдий ч бясааг бүрэн устгах нь төвөгтэй бөгөөд өндөр зардал шаарддаг. Тэдэнтэй тэмцэхдээ ор дэрний хэрэгсэл, хувцас, хөшиг зэрэг эд зүйлсийг халуун усаар угааж, өндөр температуртай хатаагчаар хатаах аргыг ашигладаг.
Мөн зарим тохиолдолд эд зүйлсийг битүү гялгар уутанд хийж, хөлдөөгчид 3-4 хоног байлгах арга хэрэглэдэг байна.
Бясаанаас болж тээвэр, аялал жуулчлалын үйлчилгээ доголдох явдал өмнө нь ч гарч байжээ.
Тухайлбал, хоёр долоо хоног хүрэхгүй хугацааны өмнө Английн Southeastern компанийн галт тэрэгний жолооч нар бүхээгээсээ бясаа илрүүлсний дараа хэд хэдэн чиглэлийн аяллыг цуцалсан байна.
2017 онд Vancouver-оос London руу ниссэн нэгэн гэр бүл British Airways-ын шөнийн нислэгийн үеэр олон удаа бясаанд хазуулсны дараа тус компани албан ёсоор уучлалт хүсэж байжээ.
Мөн өнгөрсөн онд Turkish Airlines-ын хэд хэдэн нислэгийн суудлаас бясаа илэрсэн гэх мэдээлэл гарч, компани зохих арга хэмжээ аваагүй гэсэн шүүмжлэлд өртсөн юм.
Эх сурвалж: BBC