“Breaking Bad” цувралын Walter White Jr. дүрээр дэлхийд танигдсан жүжигчин R.J. Mitte 34 насандаа таалал төгсжээ. Түүнийг нас барахаасаа ердөө 12 хоногийн өмнө шинэ киноныхоо нээлтэд оролцож, идэвхтэй сурталчилгаа хийж байсан нь фэнүүдийн сэтгэлийг улам эмзэглүүлж байна.
Daily Mail болон бусад гадаадын хэвлэлүүдийн мэдээлснээр R.J. Mitte есдүгээр сарын 30-нд Los Angeles хотын Beverly Hills Fine Arts Theatre-т болсон “Talking to Strangers” киноны нээлтийн улаан хивсний ёслолд оролцжээ.
Тэр тухайн үед инээмсэглэн зургаа авахуулж, шинэ бүтээлээ олон нийтэд танилцуулсан байна.
Нас барахаасаа дөрөв хоногийн өмнө фэнүүддээ ханджээ
R.J. Mitte аравдугаар сарын 8-нд буюу нас барахаасаа дөрөв хоногийн өмнө сошиал хуудсандаа киноныхоо талаар дахин нийтэлсэн байна.
Тэрээр:
“LA дахь нээлтэд оролцох завшаан тохиосонд баяртай байна. Одоо Amazon Prime Video дээр цацагдаж эхэлсэн. Бага зэрэг хайр, инээдэм, драм хосолсон энэ бүтээлийг заавал үзээрэй” гэж бичжээ.
Харин аравдугаар сарын 12-нд R.J. Mitte Техас мужийн Brownsville дахь гэрээсээ нас барсан байдалтай олдсон байна.
Зарим гадаад хэвлэл түүний үхлийг амиа хорлолт байж болзошгүй гэж мэдээлсэн ч албан ёсны шалтгаан эцэслэн тогтоогдсон эсэх нь тодорхойгүй хэвээр байна.
Хөгжлийн бэрхшээлтэй жүжигчдийн төлөөллийн төлөө тууштай ажилласан
R.J. Mitte гурван настайдаа тархины саажилттай гэж оношлогдсон бөгөөд хөгжлийн бэрхшээлээ нуухын оронд өөрийн туршлагыг жүжигчний ажилдаа ашигладаг байжээ.
Тэрээр 2008-2013 онд AMC сувгаар цацагдсан “Breaking Bad” цувралд Bryan Cranston-ы бүтээсэн Walter White-ийн хүү Walter “Flynn” White Jr.-ийн дүрд тоглосон юм.
Mitte өмнө нь ярилцлагадаа:
“Хэрэв би хөгжлийн бэрхшээлтэй байгаагүй бол өнөөдрийн энэ байр сууринд хүрэхгүй байсан. Би өөрийн туршлагаа ‘Breaking Bad’-д бүрэн шингээсэн” гэж хэлж байжээ.
Тэрээр зөвхөн жүжигчнээр ажиллаад зогсохгүй хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрх, дэлгэцийн бүтээл дэх илүү бодитой төлөөллийн төлөө идэвхтэй дуугардаг байсан юм.
R.J. Mitte-ийн гэнэтийн үхлийн дараа Холливудын хамтран ажиллагчид болон дэлхийн олон орны фэнүүд эмгэнэл илэрхийлсээр байна.