Монгол Ардын Намынхан өнгөрсөн Бямба гаригт Их тэнгэрт өргөтгөсөн хуралдаан зохион байгуулж, намын удирдлагууд нь УИХ дахь гишүүдтэйгээ уулзан ярилцжээ. Уулзалтын үеэр цаашид Засгийн газраас гарч буй шийдвэрүүдийг дэмжиж ажиллах, парламентын үйл ажиллагааг идэвхжүүлэх зэрэг асуудлаар намын гишүүдтэйгээ нээлттэй санал солилцсон байна.
МАН-ын удирдлагууд УИХ-ын гишүүдтэйгээ илүү ойр ажиллаж, цаашид намын дотоод эв нэгдлийг хангах шаардлагатайг онцолжээ. Мөн Засгийн газраас тэтгэвэр нэмэх эсэх, татварыг бууруулах эсэх зэрэг чухал асуудлыг хэрхэн шийдвэрлэх талаар хэлэлцсэн байна.
Учир нь олон жил улсад шимтгэл төлсөн ч бага хэмжээний тэтгэвэр авч, амьдралын хүнд нөхцөлд байгаа ахмад настан олон байгаа тул тэтгэврийн шинэчлэл хийх шаардлагатай гэж олон нийт үзэж буй. Түүнчлэн аж ахуйн нэгжүүд татварын дарамтад орж, татварын ачааллаас шалтгаалан олон байгууллага үйл ажиллагаагаа зогсоож байгаа учраас татварын бодлогоо эргэн харах шаардлагыг иргэд, олон нийтийн зүгээс тавьж байгаа юм.
Иймээс Их тэнгэрт болсон хуралдаанаар Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Т.Аубакир, Сангийн сайд З.Мэндсайхан нарын мэдээлэл, судалгааг сонсож, мэргэжлийн хүмүүсийн санал болон бодит судалгааны мэдээлэлтэй танилцсан байна. Мөн гишүүд асуулт тавьж, өөрсдийн байр сууриа илэрхийлжээ.
Хамгийн гол нь МАН-ынхан Их тэнгэрийн уулзалтаар татвар бууруулах эсэх, тэтгэвэр нэмэх эсэх асуудлыг хэлэлцсэн байна. Тэтгэвэр нэмэгдүүлэхийн тулд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг өөрчлөх шаардлага үүсэх бөгөөд тэтгэврийн реформыг хэрхэн хэрэгжүүлэх талаар ярилцжээ. Харин татварыг бууруулах асуудлыг төсвийн орлоготой уялдуулах шаардлагатай тул татварын цогц бодлогыг яаж хэрэгжүүлэх талаар санал солилцсон байна.
МАН Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө тэтгэвэр, татвараар шоу хийх үү
Ингээд тэтгэвэр, татварын асуудлаар ирэх намар хүртэл ажлын хэсэг байгуулж, олон нийтийн болон мэргэжлийн хэлэлцүүлгүүдийг зохион байгуулсны дараа цогц бодлого, шийдвэр гаргахаар тохиролцжээ. Өөрөөр хэлбэл, ирэх намар хүртэл ажлын хэсэг ажиллаж, тэтгэвэр, татварын асуудлыг намраас ажил хэрэг болгож хэлэлцэхээр болсон байна.
УИХ-ын хаврын чуулган тун удахгүй завсарлах гэж байгаа тул ажлын хэсэг зуны хугацаанд ажиллаж, намартай золгох төлөвтэй байна. Ирэх намрын чуулганаар эдгээр асуудлыг хэлэлцэж эхэлнэ гэж үзвэл тодорхой хугацаа шаардагдах бөгөөд улмаар Ерөнхийлөгчийн сонгуультай тулж очих магадлалтай гэсэн үг. 2027 он гармагц Ерөнхийлөгчийн сонгуулийн албан бус сурталчилгаа, бэлтгэл ажил эхлэх тул МАН-ынхан үүнийг тооцож, ажлын хэсгийг нэлээд удаан хугацаанд ажиллуулж, “цаг авах” болов уу гэсэн таамаг байна.
Ямартай ч 2027 оны Ерөнхийлөгчийн сонгуульд УИХ-д суудалтай таван нам өрсөлдөх эрхтэй. МАН-ын Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнөх “шоу” нь тэтгэвэр, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэмэгдүүлэх, татвар бууруулах асуудал байх бололтой. Гэхдээ тэр хүртэл хугацаа ч байна. Мөн Ардын намынхан цаашид өөр ямар “сайхан” санаачилга гаргахыг урьдчилан таахад бэрх юм.