Марафонд 2 цагийн босгыг эвдсэн анхны тамирчин тодорлоо

Кенийн гүйгч Себастьян Саве Лондоны марафонд түрүүлэхдээ дэлхийн дээд амжилтыг шинэчлэн тогтоожээ.

Тэрбээр 42 км 195 метрийн зайг 1 цаг 59 минут 30 секундэд туулсан байна. Өмнөх дэлхийн дээд амжилтыг түүний нутаг нэгт Келвин Киптум 2023 оны аравдугаар сард Чикагогийн марафонд 2 цаг 35 секундээр тогтоож байсан юм. Харин энэ удаа Саве марафон зайг албан ёсоор 2 цагаас дотогш туулсан дэлхийн анхны гүйгч боллоо.

Лондоны марафоны хоёрдугаар байрт Этиопын тамирчин Йомиф Кежелча 1:59.41 амжилтаар орсон бол гуравдугаар байрт Угандагийн Жейкоб Киплимо 2:00.28 үзүүлэлтээр шалгарсан байна. Ингэснээр эхний гурван байрт орсон тамирчид бүгд өмнөх дэлхийн рекордоос илүү амжилт үзүүлжээ.

Үүнтэй холбоотойгоор 2019 оны аравдугаар сард Кенийн алдарт холын зайн гүйгч Элиуд Кипчоге Австрийн Вена хотод болсон тусгай гүйлтэд 1 цаг 59 минут 40 секундийн амжилт гаргасныг дурдах нь зүйтэй. Гэвч тухайн тэмцээн Олон улсын хөнгөн атлетикийн байгууллагын албан ёсны нөхцөлд зохион байгуулагдаагүй тул түүний амжилтыг дэлхийн рекордод тооцоогүй юм.

Өдгөө 30 настай Себастьян Саве Лондоны марафонд хоёр дахь жилдээ дараалан түрүүлж байна. Тэрээр мөн өнгөрсөн онд Берлиний марафонд аваргалсан билээ.

Лондон, Берлиний марафон нь Токио, Нью-Йорк, Бостон, Чикагогийн марафонуудын нэгэн адил дэлхийн элит марафоны цувралд багтдаг.

Сүүлийн мэдээ
Холбоотой мэдээ

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу