Марафоны үеэр хаасан замаар цахилгаан дугуй, суррон, мопед зорчихгүй

“Улаанбаатар марафон 2026” олон улсын гүйлт тавдугаар сарын 23-ны бямба гарагт болно. Үүнтэй холбоотойгоор иргэдийн аюулгүй байдлыг хангах зорилгоор зарим авто замын хөдөлгөөнийг түр хязгаарлахаар болжээ.

Тээврийн цагдаагийн албаны мэдээлснээр өглөөний 06:00 цагаас марафоны маршрутын замуудыг хэсэгчлэн хааж эхэлнэ. Харин 07:00-19:00 цагийн хооронд шар зураасаар тэмдэглэсэн замуудыг бүрэн хаах тул иргэдийг хөдөлгөөнөө урьдчилан төлөвлөж оролцохыг анхаарууллаа.

Хаагдсан замаар зөвхөн түргэн тусламж, цагдаа, онцгой байдлын автомашин хөдөлгөөнд оролцох эрхтэй байна. Харин цахилгаан дугуй, скүүтер, суррон, мопед зэрэг тээврийн хэрэгсэл уг бүсэд нэвтрэхгүй.

Түрээсийн үйлчилгээ эрхлэгчдэд мэдэгдэл хүргүүлжээ

Тээврийн цагдаагийн албаны Урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн хошууч Г.Отгонтамир:

“Жил бүр болдог марафоны үеэр замын хөдөлгөөнийг хэсэгчлээд хааж эхэлнэ. Нэгэнт хаагдсан замаар ямар нэгэн тээврийн хэрэгсэл явах боломжгүй.

Мөн цахилгаан дугуй, скүүтер, суррон, мопед дээрх бүсэд нэвтрэхгүй. Үүнийг түрээсийн үйл ажиллагаа эрхэлж байгаа долоон аж ахуйн байгууллагад мэдэгдсэн байгаа. Тиймээс иргэдэд ч бас зөвлөж хэлмээр байна. Ийм тээврийн хэрэгсэлтэй бүс рүү нэвтрэх тохиолдолд цагдаагийн албаныхан шаардлага тавина.

Өнгөрсөн жил Улаанбаатар марафоны үеэр цахилгаан мопед, суррон, цахилгаан дугуйгаас болоод 12 хүүхэд гэмтсэн”

хэмээн мэдээлжээ.

Явган зорчигчид уралдааны замд саад болохгүй байхыг анхааруулав

Нийслэлийн Цагдаагийн удирдах газрын хэлтсийн дарга Л.Амармөрөн марафонд оролцогчдын тоо жил бүр нэмэгдэж байгааг онцолсон байна. Түүний хэлснээр гарааны хэсэгт олон хүн нэгэн зэрэг хөдөлгөөнд оролцдог тул шахцалдах, унах, дарагдах зэрэг эрсдэл үүсэх боломжтой аж.

Тэрээр мөн олон хүн цуглах үед халаасны хулгайн гэмт хэрэг гарах эрсдэлтэйг анхааруулжээ. Марафоны үеэр бага насны хүүхдээ дагуулж ирэх иргэд олон байдаг тул хүүхдэдээ тавих хараа хяналтаа сайжруулах шаардлагатай гэв.

Л.Амармөрөн:

“Марафоны үеэр бага насны хүүхдүүдээ их дагуулж ирдэг. Тиймээс бага насны хүүхдэд тавих хараа хяналтаа сайжруулах шаардлагатай. Өнгөрсөн жил 4-6 хүүхэд алга болсон тохиолдол гарч байв. Уралдааны замд явган зорчигчид зам сүлжих гэх мэтээр марафонд оролцогчдын замд их саад болдог. Тиймээс албан хаагчдын тавьж байгаа шаардлагыг биелүүлэхийг иргэдээсээ хүсэж байна”

хэмээн хэлжээ.

“Улаанбаатар марафон 2026”-ын үеэр иргэд замын хөдөлгөөний хязгаарлалт, цагдаагийн алба хаагчдын шаардлагыг дагаж мөрдөх шаардлагатай байна.

Марафоны үеэр хаасан замаар цахилгаан дугуй, суррон, мопед зорчихгүй
Сүүлийн мэдээ
Холбоотой мэдээ

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу