Украины нийслэл Киев хотын стратегийн ач холбогдолтой гүүрүүд сүүлийн хэдэн өдөр дараалан Оросын дроны халдлагад өртсөн тухай мэдээлжээ. Ням гарагийн өглөө Пивничний буюу Хойд гүүр дахин цохилтод өртөж, хоёр хүн шархадсан байна.
Сүүлийн халдлага Германы канцлер Фридрих Мерц гэнэтийн айлчлалаар Киевт ирсэн өдөр болсон нь анхаарал татжээ.
Пивничний гүүр хоёр дахь өдрөө дараалан цохилтод өртөв
Нийгмийн сүлжээнд тарсан дүрс бичлэгүүдэд дрон Пивничний гүүрийг мөргөж, дэлбэрэлт болсны дараа замын хэсэгт томоохон нүх үүссэн байдал харагдсан гэж мэдээлсэн байна.
Харин Пивденний буюу Өмнөд гүүр өмнөх өдрүүдэд хэд хэдэн удаа халдлагын бай болжээ.
Киев хотын дундуур урсдаг Днепр мөрний хоёр эргийг холбосон нийт найман гүүр байдаг бөгөөд эдгээрээр өдөр бүр ойролцоогоор 500 мянган тээврийн хэрэгсэл зорчдог аж.
Цохилтод өртсөн гүүрүүд бүрэн нурсангүй. Гэхдээ хөдөлгөөний зарим хэсгийг хааснаар хотын тодорхой бүсүүдэд түгжрэл нэмэгджээ.
Одоогоор гүүрүүдийг засварлах ажил үргэлжилж байгаа бөгөөд хотын удирдлагууд түр хөвөгч гүүр, усан тээвэр болон усан доорх хонгил ашиглах боломжийг судалж байгаа талаар мэдээлсэн байна.
Нэг шөнийн дотор 135 дрон илгээсэн гэж Украин мэдэгдэв
Киевээс гадна Украины бусад бүс нутагт ч Оросын агаарын цохилт үргэлжилж, хүний амь нас, эд хөрөнгийн хохирол учирсан тухай мэдээлжээ.
Украины агаарын хүчний мэдээллээр ням гарагийн шөнө Оросын талаас нийт 135 дрон хөөргөсөн бөгөөд тэдгээрийн 52 нь тийрэлтэт хөдөлгүүртэй байжээ.
Украины тал эдгээрээс 125 дроныг устгасан гэж мэдэгдсэн байна.
Германы канцлер Киевт гэнэтийн айлчлал хийв
Германы канцлер Фридрих Мерц ням гарагт Киевт гэнэтийн айлчлал хийж, Украины ерөнхийлөгч Володимир Зеленскийтэй уулзжээ.
Тэд хамтдаа дайнд амь үрэгдсэн Украины цэргүүдийн дурсгалын хөшөөнд цэцэг өргөсөн байна.
Мерц айлчлалынхаа үеэр Герман Украиныг үргэлжлүүлэн дэмжинэ гэдгээ мэдэгдэж, цахим хуудсандаа:
“Украин улс шийдвэрлэх долоо хоногуудыг угтаж байна. Тийм ч учраас би өнөөдөр ‘Та бүхэн бидэнд найдаж болно’ гэж хэлэхээр Киевт ирлээ. Германы аюулгүй байдал ч мөн энэ дайны үр дүнгээс хамаарна. Тийм учраас бид өөрийн ашиг сонирхлын үүднээс тусалж байгаа юм”
гэж бичжээ.
Украин 1.3 тэрбум еврогийн шинэ тусламж авна гэж Зеленский мэдэгдэв
Зеленский хожим мэдэгдэл хийхдээ Германы канцлертай 1.3 тэрбум еврогийн шинэ тусламжийн багцын талаар тохиролцсон гэжээ.
Тэр:
“Эдгээр нь яг одоо болон ирэх өвөл манай эрчим хүчний дэд бүтцийг хамгаалахад туслах зэр зэвсгүүд юм”
гэж мэдэгдсэн байна.
Мерц мөн өнгөрсөн долоо хоногийн эхээр Оросын дроны цохилтод өртөж, ноцтой гэмтсэн Украины Шинжлэх Ухааны Академийн байранд очжээ. Тухайн халдлагын үеэр хоёр хүн амиа алдсан гэж мэдээлсэн байна.
Эх сурвалжид дурдсанаар Мерц 2025 оны тавдугаар сард канцлерын албан тушаалд орсноос хойш Герман Украины томоохон дэмжигчдийн нэг болсон байна.
Москва агаарын цохилтоо эрчимжүүлнэ гэж мэдэгджээ
Оросын Батлан хамгаалах яам ням гарагт Украин даяарх агаарын цохилтоо цаашид эрчимжүүлнэ гэж мэдэгдсэн байна.
Москва үүнийг өнгөрсөн долоо хоногийн эхээр Зеленскийн хийсэн мэдэгдлийн хариу гэж тайлбарлажээ.
Зеленский тухайн үед Оросын газрын тос боловсруулах үйлдвэрүүдийг чиглэсэн алсын зайн довтолгоог нэмэгдүүлэхээр төлөвлөж байгаагаа хэлсэн байна.
Ингэснээр хоёр тал холын зайн дрон болон бусад зэвсгээр дэд бүтэц, стратегийн байгууламжуудыг онилох ажиллагаагаа эрчимжүүлж буй нөхцөл үүсжээ.
Оросын тал гадаадын иргэдийг Киевээс гарахыг анхааруулсан
Бямба гарагт ОХУ-ын Гадаад хэргийн яам гадаадын иргэд болон дипломат ажилтнуудыг Киевээс гарахыг анхааруулсан тухай мэдээлсэн байна.
Үүний хариуд Европын Холбооны элчин сайд Катарина Матернова:
“Европын Холбооны төлөөлөгчид үлдэх болно. Ийм сүрдүүлэг Украины дэмжлэгийг зогсоохгүй. Харин ч энэ нь яагаад Украинд туслах ёстойг улам бүр ойлгуулж байна”
гэж ням гарагт мэдэгджээ.
Ийнхүү Германы канцлер Киевт айлчилж, шинэ тусламжийн багцын талаар хэлэлцсэн өдөр нийслэлийн гол гүүр дахин дроны цохилтод өртөж, Украин болон Оросын хоорондын алсын зайн халдлагын давтамж нэмэгдэж буй дүр зураг үргэлжиллээ.
Эх сурвалж: BBC