Ням гарагт болох хөлбөмбөгийн ДАШТ-ий шигшээ тоглолтод Аргентин, Испанийн шигшээ багууд шалгараад байна. Энэ финал зөвхөн аваргын төлөөх тулаан биш, харин Лионел Месси болон Ламин Ямал нарын хувь тавилан мэт сонирхолтой түүхээрээ дэлхий нийтийн анхаарлыг татаж байна.
Месси, Ямал нар анх удаа талбай дээр өрсөлдөнө
Бүх цаг үеийн шилдэг хөлбөмбөгчдийн нэг гэгддэг 39 настай Лионел Месси дэлхийн аваргын финалд Испанийн 19 настай од Ламин Ямалтай анх удаа өрсөлдөх гэж байна.
Ямал өдгөө Барселона клубийн баруун жигүүрийн довтолгоонд Мессигийн үлдээсэн орон зайг залгамжилж буй шинэ үеийн хамгийн тод төлөөлөлд тооцогдож байгаа. Тиймээс энэ уулзалт спортын өрсөлдөөнөөс гадна үе солигдох бэлгэдэл мэт харагдаж байна.
2007 онд эхэлсэн ховор түүх
Тэдний анхны уулзалт хөлбөмбөгийн талбай дээр бус, 2007 онд Барселона клубийн арга хэмжээний үеэр болж байжээ.
Тухайн үед Лионел Месси 20 настай, Барселонагийн үндсэн бүрэлдэхүүнд дөнгөж байр сууриа олж эхэлж байсан залуу тоглогч байв. Харин Ламин Ямал ердөө таван сартай нялх хүүхэд байжээ.
Энэ ховор агшныг гэрэл зурагчин Жоан Монфорт дурандаа буулгасан байдаг.
“Хоёр домгийн эхлэл” хэмээн зураг дахин алдаршив
2024 онд Ламин Ямал Испанийн шигшээ багийн хамт Европын аварга болоход түүний аав уг зурагнуудаас нэгийг анх удаа олон нийтэд дэлгэжээ. Тэрээр зургийн тайлбарт “Хоёр домгийн эхлэл” гэж бичсэн байна.
Зураг дээр инээмсэглэж буй Месси бяцхан Ламин Ямалыг тэвэрч, усанд оруулж байгаа нь харагддаг. Тухайн агшин олон жилийн дараа дэлхийн аваргын финалын өмнө дахин дурсагдаж, фэнүүдийн сэтгэлийг хөдөлгөөд байна.
“Энэ бол хувь тавилангийн жинхэнэ гайхамшиг” гэж Монфорт авсан зургийнхаа талаар ярьжээ.
Camp Nou-д болсон сайн үйлсийн зураг авалт
Жоан Монфортын хэлснээр, эдгээр зургийг Барселона клубийн Camp Nou стадионы хувцас солих өрөөнд авчээ.
Тухайн үед Ламин Ямалын гэр бүл Барселонагийн сайн үйлсийн аяны арга хэмжээнд оролцохоор шалгарсан байсан аж. Ямалын аав Мунир Насрауи Мароккод төрсөн бол ээж Шейла Эбана Экваторын Гвинейд төрсөн бөгөөд тэд хүүхэд байхдаа гэр бүлийн хамт Каталонд цагаачилж ирсний дараа танилцсан байна.
Ламин төрсний дараахан тэд Каталоны Sport сониноос Юнисефийн оролцоотой зохион байгуулсан арга хэмжээнд оролцох азтан болжээ. Ингээд бяцхан Ямал Барселонагийн нэгэн гол тоглогчтой хамт сурталчилгааны зураг авахуулах болсон бөгөөд тэр тоглогч нь санамсаргүйгээр Месси байв.
Монфорт: Би Ямалын зургийг авснаа мэдээгүй
Гэрэл зурагчин Жоан Монфорт тухайн үед уг зураг ирээдүйд ийм том түүх болно гэж огт төсөөлөөгүй аж.
“2024 онд найзуудын маань нэг над руу залгаж, аав нь уг зургийг Инстаграм хуудсандаа нийтэлснийг дуулгах хүртэл би Ламин Ямалын зургийг авснаа мэдээгүй байсан” гэж Монфорт ярьжээ.
Тэрээр зураг авалтын үеийн Мессигийн байдлыг ч дурссан байна.
“Месси үнэхээр дотогшоогоо, маш ичимхий залуу байсан. Тэр хувцас солих өрөөнд орж ирэнгүүтээ бяцхан хүүхэдтэй хамт зураг авхуулах болсноо мэдээд юу хийхээ мэдэхгүй самгардаж байсан. Харин Ламин маш их аз жаргалтай, нүүрэндээ инээмсэглэл тодруулсан хүүхэд байлаа. Түүний ээж Шейла бидэнд тусалсан. Тэр маш залуу, маш ядуу амьдралтай нэгэн байсан ч бидэнтэй маш сайхан харилцаж байв. Үүний ачаар Месси тун удалгүй нөхцөл байдалд дасан зохицож чадсан” гэж Монфорт дурссан юм.
19 настай хоёр одны амжилтыг харьцуулахад
Месси 19 нас хүрэх үедээ мэргэжлийн замналдаа 11 гоол оруулсан, Испанийн La Liga болон UEFA аваргуудын лигийн аварга болоод байжээ.
Харин энэ даваа гарагт 19 нас хүрсэн Ламин Ямал аль хэдийн 56 гоолтой, La Liga-гийн гурван удаагийн аварга, Copa del Rey цомын эзэн, мөн Евро 24 тэмцээний аварга болсон байна.
Иймээс олон хүн Ямалыг зөвхөн Барселонагийн шинэ найдвар бус, дэлхийн хөлбөмбөгийн ирээдүйн нүүр царай гэж харж байна.
Гэрэл зурагчны зүрх хоёр хуваагджээ
58 настай Жоан Монфорт ирэх ням гарагийн финалд хэнийг дэмжихээ мэдэхгүй байгаагаа ярьсан байна. Учир нь түүний авсан нэг зураг одоо хоёр үеийн аваргуудын түүхэн уулзалтыг холбож байна.
“Хорин жилийн өмнө эхэлсэн түүх сайхнаар төгсөх цаг ирсэн гэж би бодож байна. Маш аз жаргалтай төгсгөл. Би бол Барселонагийн хөгжөөн дэмжигч, Мессийг төгс гэж боддог, тиймээс дэлхийн аваргын цомыг хоёр дахь удаагаа өргөөсэй гэж бодож байна. Тэр ингэх эрхтэй хүн. Харин Ламины хувьд түүнд дэлхийн аваргын цомыг өргөх хангалттай их хугацаа байгаа. Гэхдээ Испанийн шигшээ болон Ламины хувьд сайхан тохироо бүрдээд байна. Хэрвээ тэр аварга болбол түүний хамгийн том цол болно. Миний хувьд маш хэцүү байна. Миний зүрх хоёр хэсэгт хуваагдаад байна” гэж тэр ярьсан юм.
ДАШТ-ий финал хувь тавилангийн түүх болов
Аргентин, Испанийн финалд дэлхийн аваргын цом шийдэгдэхээс гадна Месси, Ямал хоёрын гайхалтай холбоо дахин анхаарлын төвд орлоо.
Нялх байхад нь тэвэрч байсан хүүхэд нь олон жилийн дараа дэлхийн аваргын финалд түүний эсрэг талбайд гарах гэж байгаа нь хөлбөмбөгийн түүхэнд ховор тохиох бэлгэдэлтэй мөч болж байна.
