Монгол, Энэтхэгийн хооронд шууд нислэг үйлдэж эхэллээ. Улаанбаатар-Шинэ Дели-Улаанбаатар чиглэлийн тогтмол нислэг 2026 оны есдүгээр сарын 28-наас эхэлсэн талаар Монгол Улс дахь Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Элчин Сайдын Яам мэдээлжээ.
Анхны нислэг есдүгээр сарын 28-ны өглөө 07:20 цагт Шинэ Дели хотын Индира Гандигийн нэрэмжит олон улсын нисэх онгоцны буудлын T3 терминалд газардсан байна. Харин буцах нислэг мөн өдрийн 16:37 цагт Шинэ Делигээс Улаанбаатарын чиглэлд хөөрчээ.
Шууд нислэгийг цаашид долоо хоног бүрийн Даваа гарагт үйлдэх бөгөөд нэг талын нислэг ойролцоогоор таван цаг үргэлжлэх юм.
Дамжин нисэх хугацаа эрс багасна
Өмнө нь Монгол, Энэтхэгийн хооронд зорчих иргэд Хонконг, Бээжин, Сөүл зэрэг хотуудаар дамжин нисэх шаардлагатай байсан бөгөөд нийт аяллын хугацаа 13-18 цаг хүрдэг байжээ.
Шууд нислэг нээгдсэнээр энэ хугацаа таван цаг орчим болж богиносож, хоёр улсын хооронд зорчих иргэдэд илүү хялбар нөхцөл бүрдэхээр байна.
Уг чиглэлийн нислэгийг Монголын “Хүннү Эйр” компани гүйцэтгэж байгаа аж.
Аялал жуулчлал, эмчилгээний чиглэлд боломж нэмэгдэнэ
Тогтмол шууд нислэг эхэлснээр Монголоос Энэтхэгийг зорих иргэдийн урсгал нэмэгдэх боломжтой гэж үзэж байна.
Ялангуяа Буддын шашны түүхэн дурсгалт газруудаар аялах, эмчилгээ, эрүүл мэндийн үйлчилгээ авах зорилготой иргэдэд замын хугацаа богиносох давуу талтай.
Нөгөө талд Энэтхэгийн жуулчид Монголын өвлийн аялал жуулчлал болон жилийн бусад улиралд байгаль, түүх, соёлын өвтэй танилцах боломж нь өргөжих төлөвтэй байна.
Визийн нөхцөл ч хөнгөвчлөгджээ
Эх сурвалжийн мэдээлснээр Монгол, Энэтхэг хоёр улс иргэддээ визийг харилцан үнэ төлбөргүй олгодог болсон бөгөөд хоёр улсын иргэд цахим виз авах боломжтой байна.
Энэ нь шууд нислэгтэй хослон аялал жуулчлал, бизнес, эмчилгээ болон бусад зорилгоор зорчих иргэдийн тоонд нөлөөлөх боломжтой гэж үзэж байна.
Элчин Сайдын Яам худалдаанд ч эерэг нөлөөтэй гэж үзэв
БНЭУ-ын ЭСЯ-наас:
“Энэтхэг, Монголын хоорондын олон талт стратегийн түншлэлийг улам бүр бэхжүүлэх болно. Ачаа тээвэрлэлт илүү хурдан, шуурхай бөгөөд өртөг багатай болохын хэрээр хоёр улсын худалдаа, арилжааг нэмэгдэхэд хүчтэй түлхэц үзүүлэх нь дамжиггүй”
хэмээн онцолжээ.
Ийнхүү Монгол, Энэтхэгийн хооронд тогтмол шууд нислэг эхэлснээр зөвхөн зорчигч тээвэр төдийгүй аялал жуулчлал, эмчилгээ, бизнес болон ачаа тээврийн харилцаанд шинэ боломж нээгдэх нөхцөл бүрдэж байна.