“Монгол Хаан” Broadway-д гарах түүхэн боломжоо атгалаа

Монголын театрын урлагийн түүхэнд шинэ үе эхлэхээр боллоо. “Hero Entertainment” болон дэлхийн нэр хүндтэй театрын байгууллага “Nederlander Group” албан ёсны санамж бичигт гарын үсэг зурж, үндэсний драмын бүтээл “Монгол Хаан” жүжгийг Broadway-ийн тайзнаа англи хэлээр толилуулах бэлтгэл ажил эхэлж байна.

“Hero Entertainment”, “Nederlander Group” хамтран ажиллана

“Монгол Хаан” жүжгийг дэлхийн театрын урлагийн хамгийн өндөр босготой тайзуудын нэг болох Broadway-д тоглуулах албан ёсны санамж бичигт хоёр тал гарын үсэг зуржээ.

Гэрээнд “Hero Entertainment”-ийг төлөөлөн найруулагч Херо Баатар, “Nederlander Group”-ийг төлөөлөн ерөнхий захирал Боб Недерландер (Bob Nederlander) нар гарын үсэг зурсан байна. Ингэснээр “Монгол Хаан” жүжгийн англи хэл дээрх хувилбарыг Broadway-д толилуулах албан ёсны бэлтгэл эхэлж байгаа юм.

Монголд ирсэн айлчлал сонгон шалгаруулалт байв

Энэхүү шийдвэр гарахаас өмнө “Nederlander Group”-ийн ерөнхий захирал Боб Недерландер болон Broadway-ийн нэрт продюсер, ерөнхий менежер Дон Франц (Don Frantz) нар 2026 оны долдугаар сарын 10–14-ний өдрүүдэд Монгол Улсад айлчилжээ.

Тэд Үндэсний их баяр наадмын үеэр “Монгол Хаан” жүжгийг эх оронд нь үзсэн байна. Гэвч энэ нь зөвхөн танилцах айлчлал бус, харин уг бүтээлийг Broadway-д тоглуулах эсэхийг шийдэх албан ёсны сонгон шалгаруулалтын нэг хэсэг байжээ.

Жүжгийн бүх талын чанарыг үнэлжээ

Сонгон шалгаруулалтын үеэр “Монгол Хаан” жүжгийн уран сайхны түвшин, жүжигчдийн ур чадвар, хэлний бэлтгэл, тайзны шийдэл, хөгжмийн найруулга, олон улсын үзэгчдэд хүрэх боломжийг цогцоор нь үнэлсэн байна.

Эдгээр шалгуурыг давсны үндсэн дээр “Nederlander Group” тус бүтээлийг Broadway-ийн тайзнаа албан ёсоор тоглуулах шийдвэр гаргасан нь Монголын театрын урлагийн хувьд анх удаа тохиож буй онцгой үйл явдал болж байна.

“Монгол Хаан бол зөвхөн Монголын төдийгүй дэлхийн үзэгчдэд хүрэх ёстой хэмжээний бүтээл гэж бид үзсэн” хэмээн “Nederlander Group”-ийн ерөнхий захирал Боб Недерландер онцлов.

“Nederlander Group” ямар байгууллага вэ

“Nederlander Group” нь 1912 онд Детройт хотод Дэвид Т.Недерландерийн үүсгэн байгуулсан, 114 гаруй жилийн түүхтэй театр, энтертайнментийн томоохон байгууллага юм.

Өнөөдөр тус групп дэлхийн хамгийн том хувийн өмчит театрын сүлжээнүүдийн нэг болон хөгжсөн бөгөөд нийт 30 театрын олон улсын сүлжээг эзэмшин удирддаг.

Тэдний сүлжээнд:

  • Нью-Йорк хотын Broadway-ийн 9 театр;
  • Лондонгийн West End-ийн Adelphi, Aldwych, Dominion зэрэг 3 театр;
  • Чикаго хотын 5 театр;
  • АНУ-ын бусад бүс нутаг дахь 13 театр багтдаг.

Broadway-ийн алдарт бүтээлүүдтэй холбогдсон нэр

“Nederlander Group”-ийн театрын сүлжээ болон продюсерын хамтын ажиллагаагаар олон жилийн турш дэлхийд алдартай бүтээлүүд үзэгчдэд хүрч ирсэн.

Үүнд “Hamilton”, “The Lion King”, “Wicked”, “Cats”, “The Color Purple”, “Hello, Dolly!” зэрэг Broadway-ийн түүхэнд том байр суурь эзэлсэн бүтээлүүд багтдаг. Иймээс тус байгууллага нь Broadway-ийн хөгжлийг тодорхойлогч тэргүүлэх хүчнүүдийн нэгт тооцогддог байна.

“Монгол Хаан” олон улсын тайзнаа хэдийнэ танигдсан

Ардын уран зохиолч Б.Лхагвасүрэнгийн “Тамгагүй төр” жүжгээс сэдэвлэн бүтээсэн “Монгол Хаан” 2023 онд Лондон хотын “London Coliseum” театрт дэлхийн нээлтээ хийсэн.

Тухайн үед тус жүжиг 17 удаа тоглогдож, 40 мянга гаруй үзэгчдэд хүрсэн амжилт үзүүлжээ. Үүний дараа 2024 онд Сингапурын Marina Bay Sands театрт Азийн нээлтээ амжилттай зохион байгуулсан бол 2025 онд Япон улсад аялан тоглолтоо хийсэн байна.

Марийнскийн театрын урилгаар Владивостокт тоглоно

Энэ оны есдүгээр сарын 15–21-ний өдрүүдэд “Монгол Хаан” жүжиг ОХУ-ын алдарт Марийнскийн театрын урилгаар Владивосток хотод болох IV Олон улсын Номхон далайн театрын наадмын нээлтийн бүтээлээр уригджээ.

Тус наадамд жүжгийг монгол хэлээр толилуулах юм.

Broadway-д хүрэх нь хамгийн өндөр шалгуурын нэг

Broadway-д шинэ бүтээл албан ёсоор тоглох эрх авах нь дэлхийн театрын салбарын хамгийн хүнд, өндөр шалгууртай сонгон шалгаруулалтын нэгт тооцогддог.

Уран сайхны чанар, продюсерын чадавх, арилжааны боломж, техникийн бэлтгэл, олон улсын үзэгчдэд хүрэх үнэ цэн зэрэг олон үзүүлэлтийг давсан бүтээлүүд л энэ тайзанд гарах боломжтой байдаг.

Түүхэндээ Ази тивээс Хятад, БНСУ, Филиппин, Япон гэсэн дөрвөн улсын продакшн өөрсдийн үндэсний бүтээлээ Broadway-д толилуулж байжээ. Харин “Монгол Хаан” тайзнаа гарснаар Монгол Улс Азиас үндэсний бүтээлээ Broadway-д хүргэх тав дахь улс болох юм.

Монголын театрын урлагийн шинэ хуудас

“Энэ бол зөвхөн нэг жүжгийн амжилт биш. Монголын театрын урлаг дэлхийн хамгийн өндөр босготой тайзанд гарч буй түүхэн мөч юм” хэмээн “Hero Entertainment”-ийн найруулагч Херо Баатар онцлов.

Монгол зохиол, Монгол найруулга, Монгол продакшн, Монголын 100 гаруй авьяаслаг уран бүтээлчийн хамтын хөдөлмөр Broadway-ийн тайзанд хүрэхээр болсон нь зөвхөн нэг жүжгийн амжилтаар хязгаарлагдахгүй.

Энэ нь Монголын соёл, урлагийн салбар дэлхийн зах зээлд өөрийн дуу хоолой, уран сайхны үнэт зүйлээ хүргэж буй түүхэн алхам бөгөөд Монголын театрын урлагийн түүхэнд алтан үсгээр бичигдэх үйл явдал болж байна.

Сүүлийн мэдээ
Холбоотой мэдээ

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу